sonin.mn
ТВ-5 телевизээр олимпийн наадам шууд нэвтрүүлэхэд О.Уранчимэг багш тайлбарыг нь уншжээ. 2004 он.
 
О.УРАНЧИМЭГ БАГШ ГЭЖ ХЭН БЭ?
 
Түүхээс түүх бүтдэг гэдэг. Тэгвэл тэр түүхийг хүмүүн бүхэн бүтээдэг билээ. Цагаа олсон бол сайн сайхан хийгээд аливаа муу муухай явдал, тохиолдол ч түүхийн нэгэн сэдэв болдог, магадгүй аливаагийн түүхийг түвшитгэж өгдөг байж ч мэднэ. Хүний амьдрал хувь заяа гүн гүнзгий шүтэлцээнд эргэлдэнэ. Тийм бол миний онцолж уулзсан доктор О.Уранчимэг  гэдэг эмэгтэй тэр түүх бүтээгчийн жинхэнэ эзэн нь юм.
Олон зуун шавь нартаа болон Монголын биеийнтамир, спортын салбарынханд “Урнаа багш” хэмээн хүндлэгддэг энэ хүн яг л нэг замаар, нэг өнгөтэй амьдрал, ажлын нэг зөрөг даган тавь гаруй жилийн хөдөлмөрөө олны төлөө зориулж үзэг тавилгүй судлаж, бичиж явна. Хэзээ ч мартагдашгүй хувь тавилан гэж бий. Тэгвэл О.Уранчимэг багшид мартах юм даанч үгүй бололтой. Яагаад гэхээр түүхийг бичилцэж, бас бичиж туурвиж яваа нэгэн. Түүнд бахархах юм дэндүү олон. Цэл залуухан бүр хүүхэд байхаасаа спортын гимнастикаар хичээллэж амжилт зүүдэлж явсан хүн юм. Харин дараа нь бэртлийн улмаас ур чадварын гайхамшиг болсон гимнастикаа орхиод хэн хүнд заяагаад байдаггүй нандин алба багшийн хөдөлмөрт зүтгэх болжээ. Гэвч  спорт гэдэг хорхой нь зүгээр суулгасангүй тэрээр буудлагын төрөлд тамирчин болж гадаад дотоодын олон тэмцээнд оролцож явсаар энэ төрөлд Монголдоо анхны эмэгтэй мастер болсон нь энэ насных нь бахархал болсон гэх.
Түүнд би тэрнийг л амжуулж чадсангүй гэх зүйл бараг л үлдээгүй бололтой санагдсан. “Цаана нь юу байгааг мэдэхийг хүсэхгүй бол хашаа битгий дав” гэсэн мэргэн үг бий. Тэгвэл Урнаа багш хүсэл мөрөөдлийнхөө өндөр хэрмийг нэгэнт даваад өөр зүйл, үнэн түүхийн мөрүүдийг шаглан бүтээхээр сэтгэл, оюун бодлоо чилээж явна. Тэгэхлээр спорт гэдэг тэр чигээрээ О.Уранчимэг гэдэг эмэгтэйн хувьд эх хүний бүүвэй, эрдэмтэн хүний ухааны оргил ажгуу. Монголын биеийн тамир-спортын түүхийг бүтээх гал тогоог барьж явсан нийгмийн зүтгэлтэн, алдартай тамирчин Р.Зориг багшийнхаа ацаглаж өгсөн салбарынхаа түүхийг бичих албанд туйлбартай зүтгэж яваагаа ярина лээ.
Энэ эрхмийн яриаг сонсоод байхнээ эд бараанд брэнд гэж онцлох нэр байдаг бол эрдэмт хүмүүсийн дунд хүмүүн брэнд гэж байдаг юмуу гэж бодсийм. Ингээд ярилцлагаа хүргэе.
 
ГИМНАСТИКЧ ОХИН БАГШ БОЛСОН НАМТРЫНХ НЬ ДЭЭЖ
 
 
О.Уранчимэг багш 1975 онд Буриадад болсон будлагын тэмцээнд анхны эмэгтэй мастер болсон үе. Багийнхантайгаа.
 
–Та эхлээд өөрийгөө танилцуулна уу?
 
-Би аав, ээжийн нутаг, усаа дагавал Өвөрхангай аймгийн Хайрхандулааны харьяат гэхээр юм. Гэхдээ би Улаанбаатар хотод төрсөн. Дунд сургуулиа дүүргээд, 1964 онд Б.Жигмэддорж багшийг Биеийн тамирын дээд сургууль байгуулахад анхны оюутан нь болсон. Уг сургуулиа төгсөөд багшаар үлдэж билээ. Тэгээд сургуульд байдаг албан тушаал захирал, хичээлийн эрхлэгч, сургалтын албаны дарга гээд бүгдийг нь хийсэн. Одоо ч тэр л багшийн албандаа зүтгэж явна.
1999 онд ОХУ-д “Монголын биеийн тамир-спортын хөгжилд олимпийн хөдөлгөөн нөлөөлсөн нь” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 2001 онд сургуулийнхаа хүндэт профессор болсон. Одоо Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн спортын төвд буудлагын спортын дасгалжуулагч, багшаар ажиллаж байна. Товчхондоо ийм.
 
–Гимнастикийн тамирчин байсан үеэ дурсвал…?
 
-Арван жилийн есдүгээр ангид байхдаа улсын хоёрдугаар шигшээгийн тамирчин байлаа. Бас  сарын 100 төгрөгийн цалинтай гэж байгаа. Гадаад дотоодын олон тэмцээнд оролцож спортын дэд мастер болж үзлээ. Тэгтэл савлуур дээрээс буухдаа бэртэл авч энэ төрлөөс “тойрох хуудас”-аа авсан даа. Тэгээд 1968 онд УБДС-ийг төгсөөд багш болсон. Энэ миний нэг насны мэргэжил, амьдралын замнал минь юм даа.
 
–За тэгтэл буудлагын тамирчин байсан үе гэж бий гэсэн биз. Энэ тухайгаа…
 
-Багшилж байсан цаг. БТДС-д багш байсан цанын тамирчин М.Туваанжав багш сургуулийн цанын секц хариуцдаг хүн. Нэг удаа “Урнаа багшаа” та буудлагын клуб дээр очоод секцийн хүүхдүүд бүртгэчихээч. Долоо хоногт хоёр удаа хичээллэдэг юм гэлээ. Очлоо хүүхдүүдийн нь бүртгээд секцийг зохион байгуулж явлаа. Тэгтэл буудлагын багш М.Жанцанхорлоо, Ц.Өлзийбаяр нар намайг буудлагаар хичээллээч гэж зөвлөдөг юм. Хэлснээр нь хичээллэсэн. Буудлагын тамирчин болов. Олон уралдаан тэмцээнд орлоо. Гоц амжилт гэвэл 1975 онд Буриадад болсон олон улсын тэмцээнд гар буугаар 30 суманд 263 онож нэгэн шинэ рекордын эзэн-гар бууны төрөлд эмэгтэйчүүдээс анхны спортын мастер боллоо. Удалгүй БТДС-д дээд мэргэжлийн багшгүйдлээ гэсэн учир багшийнхаа албанд эргэж очсон. Тэгээд буудлагын спортоор дээд мэргэжлийн багш дасгалжуулагч хэрэгтэйг анзаарч 2-3 хүнийг төгсгөж гаргасан юм. 1992 онд дасгалжуулагчийн анги нээж 16 хүүхэд элсүүлж 11-ийг нь төгсгөлөө. Энэ бүхэн зөв ажил байжээ гэж боддог юм шүү. Өнөөдөр нөгөө муу Урнаа багш УБХТН-ийн төв байранд буудлага яриад мэдэх чадахаа бусдад хэлээд сууж байна. Олон сайхан тамирчид бэлтгэж гаргасан өгөөжтэй сайхан газар даа энэ. Гэр бүлийн хүн маань ч эндхийн буудлагын клубын зэвсгийн мастер хүн байлаа. Монголын анхны олимпийн багийн гишүүн байсан юм.
 
МОНГОЛЫН БИЕИЙН ТАМИР-СПОРТЫН ТҮҮХИЙГ БИЧИГЛЭХ ҮҮРЭГ ОНОГДЛОО
 
–За одоо хоёулаа Монголын биеийн тамир-спортын түүх бүтээх асуудал руугаа орох уу даа?
 
-Монголын биеийн тамир, спортын түүхийг Р.Зориг багш анхлан бичиж гурван ном бичиж үлдээсэн. Раднаабазарын Зориг гэдэг хүнийг олон хүн мэднэ дээ. Бокс, дугуйн спортын мастер. Сүүлд нь уулын спортоор хичээллэж гавьяат тамирчин болсон мундаг хүн. 1989 онд Б.Жигмэддорж багш маань тэтгэвэрт гарахдаа. За Урнаа чамд би биеийн тамир-спортын түүх заах эрхийг өгье. Чи чадна гэсэн юм. Тэгээд дэлхийн болон Монголын БТС-ын түүх гэсэн сэдвийг 10 жил уншлаа. Хичээлээ заалаа. Бодлоо. Би ер нь зүгээр нэг хичээл заадаг нөхөр байх нь биш юмаа. Ямар нэг бүтээл хийх ёстой юм байна гэж. Нэгэн сэдэвт бүтээл бичиж хамгаалаад доктор Уранчимэг болдог юм. Гэтэл 2000-аад оны эхээр Р.Зориг багш ирээд “За чи Монголын БТС-ын түүхийг судалж, оюутнуудад зааж байна. Би бас оролддог. Тиймээс хоёулаа хамтарч ажиллавал яасан юм бэ гэв. Би ч зөвшөөрч нэлээд хэтийн зорилготойгоор судалгааны ажил хийж эхэлсэн юм даа. Уншиж судаллаа, бичлээ. Зарим бүтээлүүдээ гаргаж эхэлсэн. Эрдмийн зэрэг хамгаалах үедээ БТДС-ийн хөгжлийн товчоон гэсэн нэг ном гаргав. Түүнийгээ сургуулийнхаа 50, 60 жилийн ойгоор баяжуулж гаргасан. Дараа нь арван жилийн сургуулийн хүүхдүүд биеийн тамирын хичээлээр юу мэдэж авах ёстой вэ гэсэн сурах бичиг, гарын авлага хийсэн. Ер нь тэгээд Монголын биеийн тамир спортын түүхийг яаж бүтээж үлдээхэв гэсэн бодол надаас салаагүй л дээ.
 
–За тэгээд цааш нь…?
 
-Монголын спортын бүхий алдартнууд хувилж үзвэл 70-80 хувь нь манай сургуулийн төгсөгчид байдаг юм. Тэгэхээр эднийхээ тухай бичиж түүгээр түүхийн сэдэвт нэмэрлэе гэж бодоод “Монголын биеийн тамир-спортын алдартнууд” гэсэн ном бичсэн дээ. Эхнийхийг нь 2005 онд, хоёрдахийг нь 2009 онд гаргасан бол гуравдахь дэвтрийг нь хэвлэлд бэлтгэчихээд байна. Энэ номын алдартнууд гэсэн сэдэв л гэхэд дотроо гурван бүлэгтэй. Нэг бүлэг нь БТС-ын байгууллагыг хэн хэн удирдаж байв. Тэд юу хийсэн юм. Нөгөө бүлэг нь Монголын тамирчид олимпод хэрхэн оролцсон тухай. Гурав дахь нь Монголын спортын салбараас төрсөн эрдэмтдийн тухай, тэд юу бүтээв гэсэн бий.
2009 оноос хойш гэхэд 170-аад гавьяат байна л даа. Өмнөхтэйгээ нийлээд 200 гаруй болж байгаа юм. Тэдний тухай энэ номоос уншиж болно. Бээжийнгийн олимпийн үе буюу 2008 оны өмнө БТС-ын газарт эрдэм шинжилгээ судалгааны алба гэж байсан. Тэнд намайг ажиллаач гэсэн. Тэр дагуу нэг жил гаруй ажиллав даа. Олимпийн наадамд тамирчдыг бэлтгэх судалгааны багт нь багтаж байлаа. Эндээс олж авсанаа ашиглаад Монголын тамирчид олимпод үзүүлсэн амжилт гэсэн сэдвээр гурван  ном бичсэн. Энэ бүхэн дотроос өөрийгөө эргэн дурсах юм хийлээ гэж хэлэх юм бас бий. Тэр чинь юу вэ? гэвэл Монголын нэвтэрхий толь, мөн хүүхэд залуучуудын нэвтэрхий толь бичигт Монголын биеийн тамир-спортын талын сэдвийн зохиогч нь болсон явдал. Энэ маань хойч үеийнхэнд үлдээсэн онцлог өв гэж боддог юм шүү. Одоо бас Дэлхийн биеийн тамирын түүх, Монголын биеийн тамир-спортын үүсч хөгжсөн түүх гэсэн хоёр ном эхийг нь бэлтгэчихээд байна. Түүх үнэн байх учиртай, наад зах нь нэг он сар юм уу бага ч атугай алдаа байхад л түүх түүх биш болно гэж би боддог болохоор энд тэнд нь эргэж хэрэх юм гараад байх юм даа.
 
–Монголын биеийн тамир, спортын түүхэнд удаа дараа болсон спартакиад гэж бий дээ?
 
-Тэгэлгүй яахав. Энэ бол спортын түүхэнд онцгой байр эзлэх сэдэв. Бүхэл бүтэн нэг ном болсон байдаг юм.  1946-1954 он хүртэл Монголын бүх ард түмний спартакиад гэсэн нэртэйгээр есөн удаа болсон байдаг. Тэгвэл 1961 оноос хойш 13 удаа зохиогдсон. Эндээс спортын ямар төрөлд хаанахын баг тамирчид медаль хүртэв, ямар рекорд амжилтыг хэн тогтоов гэдгийг бүрэн гаргахыг хичээсэн бий. Ер нь судалж, бичиж байгаа түүх юу хэлэх вэ гэвэл төгсгөлд нь өнөөдөр Монголын тамирчид ямар төрлөөр илүү амжилт гаргаж дэлхийд алдаршиж байнав. Хүүхэд залуучуудын дунд спортын ямар шинэ төрөл орж ирж хэрхэн хөгжүүлж чадав гэдэг гол нь. Цаашлаад Монгол Улс олимпийн хөдөлгөөнд нэгдснээр ямар үр дүн гарав. Яаж ажиллаж байна гэдгийг гаргах учиртай. Би Монголын эмэгтэй тамирчид олимпод  гэсэн нэг шинэ ном бичлээ. Хараахан хэвлүүлж амжаагүй л байна.
 
МОНГОЛЫН БИЕИЙН ТАМИР-СПОРТЫН ЭХ СУУРЬ ХУЖИРБУЛАНД ТАВИГДСАН
 
–Таны бүтээлийн тухай нэлээд сонслоо. Одоо Монголын биеийн тамир, спортын эх суурь хэзээ тавигдав гэдгийг ярья. Монголд бөх, морь, сур гэсэн үндэсний төрөл л байсан үе бий. Тэгвэл спорт гэдэг нэршилд багтах төрлүүдээс юу нь анх бий болсон хөгжсөн юм бэ?
 
-Судлаачийн хувьд би өөрийн бүтээлд түшиглэн хэлье. Манай эрийн гурван наадам чинь аль эрт бүр Хүннүгийн үеэс эхлэлтэй гэж түүхэнд тэмдэглэсэн бий. Миний хувьд энэ талын судалгааг 1911 онд Монгол Улс Манжийн дарлалаас чөлөөлөгдөж тусгаар тогтносон тэр үеэс авч үзсэн. 1912 онд Богдхааны зарлигаар тухайн үеийн ван, гүнгүүдийн хүүхдийг нэгтгэж бага сургууль байгуулсан байдаг. Энэ сургуульд зайлшгүй заах таван хичээлийн нэг нь биеийн тамир судлалыг сайжруулах гэсэн сэдэвтэй байсан. Энэ нь угтаа биеийн тамирын хичээл байж. Долоо хоногт хоёр удаа энэ хичээл ордог. Үүнээс л биеийн тамир гэдэг юмны эхлэл тавигдсан гэж үздэг.  Түүнээс хойш 1919 онд Хужирбуланд цэргийн анги байгуулагдаж тэнд Оросын хаант засгийн газраас сургагч нарыг ирүүлээд монгол-орос цэргүүдэд модон морь урт өндөрт харайх, гимнастик хийлгэх болсон. Мөн морин дээрээс юм шүүрэх, бургас цавчих зэрэг сорил голлож байлаа. Үүнийг биеийн тамир спортын хөгжлийн эхлэл гэж би бүтээлдээ авч үзсэн. Гэхдээ өөрөөр үздэг хүн байж болох юм. Ер нь Хужирбулангийн цэргийн ангид биеийн тамирын зориулалттай анхны талбайг байгуулсан гэдэг том баримт байдаг. Цэргүүд энд суралцаж байсан дотор Д.Сүхбаатар үзүүлэх чадвар, бие хаа хамаг талаараа онцгой байсан гэдэг юм. Тэгэхээр манай түүх судлаачид тэр дотор гимнастикийн талынхан Д.Сүхбаатар гимнастик гэдэг юмыг үүсгэсэн гэж үздэг тал бий. Би ч түүнийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ үүнийг бүр нарийн судлах шаардлагатай юм л даа.
С.Янжмаа гуайн нэг номд түүнийг морин сургуульд гарамгай морины давхиут дунд газраас юм шүүрэх, бургас цавчих модон морьд харайх зэрэгт бусдаасаа онцгой байсан гэж бичсэн байдаг.
 
–Гавьяат тамирчин Ц.Пүрэв-Очир БТСТ-ын дарга байхдаа нэг сонин уриатайгаар байгууллагынхаа ойг тэмдэглэсэн юм гэдэг тухай дуулсан юм байна?
 
-Тиймээ. Д.Сүхбаатар жанжины 30 дугаар тогтоолоос эхлэлтэйгээр Монголд орчин үеийн спорт хөгжсөн гэсэн уриан дор ой тэмдэглэсэн. Энэ нь юуг үндэслэсэн бэ гэвэл 1922 онд Ардын хувьсгалын нэг жилийн ойг тэмдэглэх тухай Намын төв хороо тогтоол гаргасан байдаг. Уг тогтоолд Ардын Хувьсгалын нэг жилийн ойг тэмдэглэх гол үүргийг Цэргийн яаманд даалгасан. Энэ дагуу Цэргйн яамны сайд Д.Сүхбаатар 30 дугаар тушаал гэдгээ гаргасан түүхийн нэг үнэн бий.
Уг тушаалдаа юу гэж заасан бэ гэвэл, орос, монгол цэргүүдээс сонгон авч жагсаал үйлдвэл зохино. Үүний бэлтгэл ажлыг батальоны хэмжээнд хийж үзүүл гэж заажээ. Үүний үр дүнд Ардын Хувьсгалын анхны баяр наадмаар Яармагын дэнжид баярын жагсаал цэргийн талын олон тэмцээн болсон байдаг.
Энэ бол жинхэнэ түүх. Монголд спорт гэж ийм юм байдаг юм гэдгийг олон түмэнд бодитоор үзүүлсэн үйл явдал байлаа. Түүх судлаачид ингэж үздэг. Би ч санал нэг байдаг юм. Гэхдээ би өөрийн эрдмийн ажлын сэдэвтээ яг ингэж бичээгүй. Харин биеийн тамирын үүсэл хөгжлийг өөрийнх нь үечлэлээр авч үзсэн. Жишээ нь 1911-1924 он. Энэ үед манай улсыг тусгаар тогтнолоо зарлахаас аль өмнө нь буюу 1896 онд олон улсын олимпийн хороо гэдэг байгууллага бий болчихсон байсан. Тиймээс тус хорооноос манай манай улсыг ОУОХ-ны гишүүн болж болно гэсэн бичиг ирүүлж байжээ. Энэ үед өө тийм үү гээд гишүүн больё гэхтэй манатай цаг л даа. Гэвч манай улсын тусгаар тогтнолыг дэлхийн хэмжээний тэр том байгууллага хүлээн зөвшөөрч байж гэдэг нь тод томруун үйл явдал юм шүү дээ. Дараагийн үеийг 1924-1945 он гэж үзсэн. Энэ үед биеийн тамир-спортын байгууллага янз бүрийн нэр хаягтай, харьяалалтай байсан бол 1924 онд Эвлэлийн төв хорооны дэргэд Биеийн тамирын тасаг байгуулсан. Дараа нь 1931, 1936 онд өөрчилж 1946 онд төрийн харьяалалын байгууллага байгуулсан түүхтэй гэж бичсэн тал бий. Миний хувьд үүнийг яг зөв гэж боддоггүй. Аварга Х.Баянмөнхийг БТСТ-ын дарга байхдаа нэг ой тэмдэглэх үед эрдэм шинжилгээний хурал болж би нэг илтгэл тавьсан. Уг илтгэлдээ Монгол Улсад бий болсон биеийн тамир-спортын анхны байгууллага бол 1935 оны аравдугаар сарын таванд байгуулагдсан гэж оруулсан. Яагаад гэхээр тэр өдөр биеийн тамир-спортын хороо гэдгийг байгуулаад, даргаар нь ЭХЯ-ны нэгдүгээр орлогч сайд Бавууг томилж байсан байдаг.
Тэр байтугай уг байгууллагыг төрөөс санхүүжүүлж аймаг, хотуудад товчоо бий болгожээ. Энэ нь төрийн статустай болсон гэсэн үг гэж тэмдэглэсэн. Тэгэхэд энэ талаар хэл үг, маргаан гараагүй л дээ.
 
–Өнгөрсөн түүхийн хугацаанд Монголын биеийн тамир-спортын байгууллага энд тэнд харьяалалтай явж ирсэн юм шиг байгаа юм.
 
-Тийм шүү. Эхлээд Эвлэлийн төв хорооны дэргэдэх тасаг гэж байсан бол дараа нь Улсын бага хурал, Сайд нарын зөвлөлийн харьяалалтай байсан үе ч бий. Сүүлдээ ЭХЯ, БСШУЯ-ны гээд одоо БСШУСЯ гэсэн нэршилд багтаад байгаа. Тэгж харьяалал нь өөрчлөгдөж ажил үүргийн хувьд шинэчлэгдэж байсан ч гол үүрэг, зорилго нь нэг л байж. Тиймдээ ч биеийн тамр-спортыг хөгжүүлэх үндсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж ирлээ. Үүнийг юугаар батлах юм бэ гэвэл. Өнөөдөр Монголын тамирчид тив дэлхийд нэр алдраа цуурайтуулж гуравхан сая хүнтэй улсын хувьд олимпоос гэхэд 26 медаль авчихаад тив, дэлхийн олон аварга төрүүлчихээд байна шүү дээ. Монголын тамирчид хүчирхэг гэдгийг дэлхийд харуулж зарим төрөлд бүр гайхуулах хэмжээнд очоод байна.  Энэ нь зөвхөн тэр содон хүмүүсийн амжилт төдий биш Биеийн тамир-спортын байгууллагын ажил үйлс, удирдаж байсан үе үеийн хүмүүсийн идэвх чармайлтын үр дүнтэй холбоотой гэж хэлж болох юм. Түүхийн дараагийн үеийг 1960-1990 он гэж авч үздэг. 1962 оноос Монголын тамирчид олон улсын тэмцээнүүдэд орж эхэлсэн. Улмаар олон улсын спорт холбоодын гишүүн болсон олон хүчин зүйл бий.
 
–Монголд зах зээлийн үеийн шуурга нүүрлэсэн 1990-ээд онд энэ салбарын ажил ямар байсан бол…?
 
-Бүх л салбар шилжилтийн үеийн хүндхэн шалгалтад өртсөн л дөө. Биеийн тамир-спортын салбар ч энэ цаг үеийг тойроогүй дайрч гарч ирсэн. Наад зах нь нэгэн үед БТСБ-ыг тараагаад ЭМЯ-ны дэргэд ердөө тавхан ажилтантай төв болгож үзэв. Дараа нь ОХУ болон бусад орны туршлага нэвтрүүлж байгаа нь гээд спортын гол төрлүүдэд шигшээ багтай байх ёстой гэж үзсэн нэг үе бий. Гэтэл удалгүй клубын системд шилжүүлнэ гээд шигшээ багийг тараагаад хаячихсан. Үүний улмаас 1990-ээд оны дунд үед тун хүнд байдалд орсон доо. Гэхдээ Монгол хүний туйлбартай чанар, эр зориг, хүч чадал, оюун ухааны хүчээр энэ байдлыг давж гарсан гэж үздэг. Тэгээд 1990-ээд оны сүүлч 2000 оны эхнээс спортын хөгжилд өөр нэг шинэ үе эхэлсэн. Олимпийн наадамд дахиад амжилт үзүүлж байлаа. Олимпизмын сурталчилгааг ч өргөн дэлгэр хийж тэр нь биелэлээ олж байв.
Нэг зүйлийг энд онцолж хэлье. Өөрийгөө магтсан болох юм шиг уучлаарай. 2004 онд ТВ-5 телевиз анх удаа олимпийн наадмыг эх орондоо шууд дамжуулж үзүүлсэн. Уг нэвтрүүлгийн тайлбарыг оюутны холбооны Д.Жаргалсайхан бид хоёр хийж байлаа. Уг олимпийн наадмыг монголчууд шууд нэвтрүүлгээс үзсний дараа хүмүүсийн спортод хандах хандлага эрс өөр болсон. Спорт гэдэг чинь ийм алдар хүнд авчирдаг юм байна. Олимпод амжилт гаргасан тамирчин хүн дэлхийд нэр төр нь цуурайтдаг юм байна гэдгийг чанд ойлгосон шиг байгаа юм. Цаашлаад 2008 онд монголчуудын олон жил хүлээсэн их мөрөөдөл биелэж, олимпийн аваргатай болсон. Бүр хос аварга хүлээж авсан гээд боддоо. Ямар их нүргээнтэй баяр болсон билээ. Нийслэлийн төв талбай дүүрэн хүн, Монголын туг далбаа алаглаад. Бид тэр дунд сэтгэл ихээр хөөрчихсөн явж байлаа. Тэр үед олимпийн наадам үзэх тусгай байр бэлдчихсэн монголчууд тэнд цугларч байв. Яг Э.Бадар-Ууганыг аварга болох агшныг бид тэр байранд үзэхэд Ерөнхийлөгч Н.Энхбаяр бидэнтэй зэрэгцээд сууж байсан даа. Т.Үйтүмэнгийн “илүү илүү” гэсэн хэлц үг тэр үед гарсан шүү дээ.
 
МОНГОЛЫН СПОРТЫН АЛДАРТНУУД ТҮҮХИЙГ ДАРХАЛЖ БАЙНА
 
–Алив салбарт дэлхийн жишиг гэж нэг юм бий. Биеийн тамир, спортын салбарт бүр тод харагддаг шиг…
 
-Дэлхийн жишиг, чиг хандлага гэж зайлшгүй зүйл. Спортод олимпийн төрөл, олимпийн бус төрөл гэсэн ангилал бол дэлхийн жишиг.
Олимпод чинь олон улсын харти-д зааснаар 27 төрлөөр болдог. Тэр 27-д ороогүй төрлийг олимпийн бус төрөл гэж ялгадаг. Монгол Улс самбо бөхөөр бүр илүү. Энэ төрөлд дэлхийн аварга хамгийн олон. Өсвөр, залуучууд насанд хүрэгчдийн ангилалд дэлхийн аварга 70 гаруй бий. 1964-1980 он хүртэл зөвхөн чөлөөт бөхийн төрөлд тамирчид тив, дэлхийгээс, олимпоос медаль авдаг байлаа. Тэгвэл сүүлийн жилүүдэд жүдо, самбогоор жил бүр л дэлхийн аварга шинээр төрж байна. Тэр дотор эмэгтэйчүүд тив, дэлхийн аварга болж байгаа. Монголоос дэлхийн аваргын титмийг анх байт харвааны тамирчин Д.Дэмбэрэл авсан бол хоёр дахь нь З.Ойдов юм. Олимпийн анхны медалийг Ч.Дамдиншарав эмэгтэйчүүдээс мэргэн бууч Д.Мөнхбаяр хүртсэн. Манай О.Гүндэгмаа байна. Олимпийн рекорд гэдэг нэрийн жагсаалтад 590 оноогоор багтдаг тамирчин.
Эмэгтэй тамирчид маань эрэгтэйчүүдээс дутахгүйгээр амжилтын эзэн болж явна. Энэ бол бахархал юм. Монголын тамирчдын амжилтыг монгол нутгийн өгөөж, монгол хүний угийн авьяас, ур чадал чансаа, Монголын цаг агаарын өвөрмөц онцгой нөхцөл, монгол хоолны гээд олон хүчин зүйлтэй холбож үзэх ёстой юм.
 
–Нэг зүйлийг лавлахад олимпийн төрөл гэж онцгой анхаараад байдаг. Гэтэл олимпийн биш төрлийн аварга амжилт тогтоосон тамирчид хохироод байх шиг санагддаг. Шагналд хамруулах, алдаршуулахад их ялгаа харагдаад байх юм?
 
-Энд тайлбар хэлбэл дэлхийн жишиг гэдэг юмыг онцлох учиртай байх. Дэлхийд гурван том байгууллага бий. НҮБ, ЮНЕСКО, ОУОХ гээд. Олон улсын олимпийн хороо өөрийн харти-тай. Үүнийгээ ягштал баримталж ажилладаг. Өөрийнхөө эгнээнд дэлхийн 200 гаруй орныг багтаасан хамгийн том байгууллага нь л даа. Энэ байгууллагын харти (дүрэм)-д юу гэж заасан байдаг вэ гэвэл олимпийг 16 өдөр багтааж, 27 төрөлд тамирчдыг өрсөлдүүлнэ. Тэгвэл олимпод орох төрлийг яаж сонгодог вэ гэвэл тухайн төрөл зуны олимпод орох төрөл дэлхийн таван тивийн 75-аас дээш улс оронд хөгжсөн байх заалт бий. Тэгэхээр самбо бөх дэлхийн 75 оронд тархан хөгжиж байж олимпийн төрөлд орох болчихоод байгаа биз. Бас өвлийн олимпод дэлхийн гурван тивийн 25 оронд хөгжсөн төрөл багтдаг. Ийм нарийн заалттай. Энэ нь дэлхийн жишигийг тогтоож өгдөг. Энэ жишгийн дагуу шагнал урамшил очдог болов уу. Ямар төрөлд мөнгөн шагнал олгодог юм бэ гэх юм бол олимп, дэлхийн цом, тив, дэлхийн аварга оюутны универсиад тивийн наадмуудын медальтан шагналтнууд хамрагддаг.
 
–Монголын спортын түүхийн хөгжилд та ямар дүн тавих вэ?
 
-Тултал нь үнэлж онц тавихгүй. Бас дунд дүн өгөхгүй. Тэгэхээр сайн дүн тавина гэсэн үг биз. Монголын спортын хөгжлийг судалж түүхчлэн бичихийг зорьж яваагийн хувьд нэг бодол байлгүй л яахав. Дэлхийд спортын 100 гаруй төрөл байдаг. Түүний 80 гаруй нь манайд нэвтэрч орж ирээд тодорхой шатанд хөгжиж байна гэдэг ер нь том үзүүлэлт шүү дээ. Харин дэлхийн сүүлийн үеийн  чиг хандлагыг дагаад орчин цагийн шинэвтэр төрөлд манай тамирчид тив дэлхийд цаашлаад олимпод амжилт гаргах магадлал бий. Үүнийг ч Монголын Үндэсний олимпийн хороо, Биеийн тамирын байгууллага анхаарч таэквендо, байт харваа, хүндийн өргөлт зэрэг төрөлд тамирчдаа нэлээд шамдамгай бэлтгэж тив, дэлийн чанартай тэмцээнүүдэд оролцуулж байна.
Би саяхан “Намтар баян найм” гэсэн ном бичиж бэлтгэлээ. Энэ номыг бүтээх нь надад ногдсон зайлшгүй үүрэг болов. Яагаад гэхээр энэ найман хүнтэй би цуг ажиллаж байсан юм. Тэднийхээ тухай сайн мэднэ. Спортын өөр төрлийн найман төлөөлөгчийн тухай бичнэ гэдэг Монголын спортын түүхийн нэг л тал нь. Тэд хэн бэ? Монголын спортын гавьяат багш цолтон Б.Жигмэддорж, Г.Рэнцэндорж, Д.Даш, Б.Гомбосүрэн, Л.Чимэддорж, Ишдорж, Р.Зориг, С.Даржаа нарын найман хүн. Тэднийхээ ажил амьдрал спортод бий болгосон их хөдөлмөрийн үр шим, байгуулсан гавьяаг нь хойч үе мэдэж байх учиртай гэдгийг би бодсон.
 
–Монголын бүх ард түмний спартакиадын ач холбогдол гэж ярьвал та юу хэлэх вэ?
 
-Нийтийн биеийн тамир гэж ухагдахуун анх үүссэнээс эхэлж ярьвал зөв байх. Дээр үед Хужирбулангийн цэргийн ангид цэргүүдийн дунд хийлгэж хэвшүүлж байсан 16 тоот гимнастик гэж байлаа. Энэ нь одоогийн өндөр хөгжилд хүрээд байгаа спортын эхлэл нь юм. Бидний үеийнхнийг ерөнхий боловсорлын сургуульд байхад зааж байсан даа. Ардын хувьсгалын ойн баяр наадам болоход 2000-3000 хүний уран хөдөлгөөнд гимнастик болдог байсныг ахмад үеийнхэн бас мэднэ. Спартакиадын ач холбогдол гэж асуусан. 1964 онд Л.Чимэддорж гэдэг багш тамирчдын спартакиад гэдгийн санаачилсан. Ингээд есөн удаагийн спартакиадаар Монгол Улс аваргуудтай, төрөл бүрт рекорд амжилттай болсон юм даа.
 
–Хөдөлмөр Батлан хамгаалахад бэлэн (ХБХБ тэмдгийн норм гэж байв) тэмдгийн нормыг хүн бүрээр биелүүлсэн байхыг шаарддаг байсан санагдана.
 
-ХБХБ тэмдгийн нормыг сурагч, оюутан, тэр ч байтугай албан хаагчид хүртэл биелүүлэх үүрэгтэй байлаа. Энэ нь нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болж байсан юм. 1936 онд батлагдсан анх аж үйлдвэрийн батлан хамгаалахад бэлэн нэртэй байсан тэмдгийн норм гээч нь жилийн жилд боловсронгуй болон хөгжиж байв. Лав л зургаан удаа шинэчлэгдсэн санагдана. Харин 1989 онд ХБХБ тэмдгийн норм гэж юмыг байхгүй болгоод ЭМЯ-наас бүх ард түмний чийрэгжүүлэлтийн хөтөлбөр гэж гаргаж ирсэн. Энэ нь ХБХБ тэмдгийн нормоос илүү нарийн заалттай биш учир үр дүн тийм сайн гараагүй байх. Өмнө их, дээд сургууль төгсөгчдөд ХБХБ тэмдгийн норм заавал биелүүлсэн байх шаардлага тавигддаг байв. Энэ нормоо биелүүлээгүй бол сургууль төгсгөсөн дипломыг нь өгдөггүй ийм үе байлаа шүү дээ. Биеийн тамир-спортыг бүх нийтийн болгох цаашлаад хүмүүсийг эрүүлжүүлэхэд том хөшүүрэг болж байсан юм. Үүнийг дагаад хөлбөмбөг, гарбөмбөг асар их хөгжсөн дөө. Спорт тоглоомын анхдагч нь ч тэдгээр байх. Ер нь бол спортын төрлийн хамгийн анхдагч нь Монголдоо хөнгөн атлетикийн төрөл. Тэр Хужирбуланд байгуулсан биеийн тамирын талбайд цэргүүдийн дунд гүйлт, урт, өндөрт харайх, гранат шидэх зэрэг олон төрлийн тэмцээн болж байсан нь хөнгөн атлетикт хамаарна л даа.
 
–Спартакиад гэж нэрийн учрыг тайлбарла гэвэл та юу хэлэх вэ?
 
-Өөрийн бодлыг хэлье. Манай эриний өмнөх 71-74 онд Ромын боолуудын бослогын удирдагч Спартак гэж тухайн үедээ бие бялдар, тэмцэх ур чадвараар онцгой хүн байсан гэдэг түүх бий. Тэгэхлээр тэмцээн уралдаан гэдэг цаад агуулгаараа тэмцэлдэх чанартай байдаг учир тэр хүний нэр алдрыг мөнхжүүлэх үүднээс нэрийг нь уламжлах авч хэрэглэж ирсэн юм болов уу гэж л боддог. Болгарт бас ОХУ-д спартак баг гэж бий. Урлагт ч байдаг. Спартак бүжгэн жүжгийг хүмүүс голдуу үзсэн байгаа. Тэгэхээр спартакиад гэдэг нэр эндээс гаралтай байж мэдэх байх. Олимп гэдэг нэртэй нэгэн үед бий болсон гэж хэлэх хүн судлаач, түүхчдийн дунд байдаг л  юм билээ.
 
–Эцэст нь танаас бараг хөндлөнгийн мэт нэг зүйлийг асууя. Монгол Үндэсний бөхийн талаар ямар сэтгэгдэлтэй явдаг вэ гэж?
 
-Бөхийг дэмжих нь Монгол монголоороо байгааг харуулж буй хэрэг гэж хэлж болом. Гэхдээ сүүлийн үеийн бөхийн талаарх маргаан талцал олон мянган жилийн түүхтэй үндэсний спортыг нэг л буруу тийш нь хэвийлгээд байна уу гэж боддог. Үндэсний бөхөд шударга өрсөлдөөн бөхчүүдийн нандин өв жудаг чанар үгүй болж бүдгэрч байна. Энэ нь бөхийг бусдаас онцгойлон авч үзэж хэт хүндэлснээс (буруу эрхлүүлсэн гэж ч болох) гажуудал бий болсон болов уу. Бөхөд их шан харамж өгч байна. Орон сууц, машин, азарга адуу, сүрэг хонь өглөө л гэдэг. Шагнаж урамшуулахын буруу гэж байхгүй л дээ. Гагцхүү сур, морь, шагай гээд адилхан өргөн дэлгэр болж хөгжиж байгаа төрөлд хандах хандлага, өгч буй шагнал, урамшилаас хэт дээгүүр байгаа нь бөхчүүдийг эвдэж байна гэж хэлж болно.
Наадамд түрүүлсэн нэг бөхөд хэдэн машин, хоёр гурван орон сууц өгч байхаар тэр харваачид, төр морио түрүүлэгсэн уяачид нэгийг нь ч болов өгвөл яанав гэж бодогддог. Хүндлэл гэдэг юм адилхан л байвал зөв юм. Бөх, сур мэтийг үндэсний юм спорт мөн биш гэж маргадаг талтай. Тэгвэл мөн чанарын хувьд спорт гэхэд буруудахгүй л дээ. Спорт гэж үзсэн учраас л дэлхийн жишгээр допингийн эсрэг ажиллаж, наадамд барилдсан шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авч энэ шалгалтад унасан бөхчүүдэд арга хэмжээ аваад байгаа биз дээ. Ингэж л боддог шүү.
 
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин