sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 29-нд болсон Рубик шооны "Beijing Summer 2018" тэмцээнд манай улсыг төлөөлж Монголын Оюун ухааны академийн багш Э.Эрдэнэмандах "Хөл"-өөр эвлүүлэх төрөлд дөрөвдүгээр байрт шалгарлаа.
Тэрбээр улсын дээд амжилтыг 30 секунд болгон шинэчилснээс гадна дэлхийн чансаанд 30 дугаарт, дундаж үзүүлэлтээрээ /39.05 секунд/ дэлхийн чансаанд 40 дүгээрт бичигдэн тус төрөлдөө Монгол Улсын хамгийн өндөр чансаатай тамирчин болов.
 
 
Хэрвээ бэлтгэлийн үеэрх дундаж үзүүлэлтээ үзүүлж чадсан бол тэрбээр энэ тэмцээнд түрүүлэх боломжтой байлаа. Бага зэргийн сандрал орчны нөлөөллөөс болж нэлээд хэдэн алдааг гаргасан ч дараа дараагийн тэмцээндээ илүү их амжилт гаргах боломж байгааг олж харуулсан, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлсэн тэмцээн боллоо гэдгийг тус академиас мэдээллээ.
Тэмцээнд нийт 350 тамирчин оюун ухаанаараа өрсөлдсөн байна.
Дашрамд дурдахад тэрээр ирэх сарын 19-нд Тайваньд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох аж.
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг