Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг ирэх сарын 4,5-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Хүй долоон худагт дөрөв дөх жилдээ зохион байгуулна. 
Энэхүү наадамд морь уралдуулж, бөх барилдуулдаг уламжлалтай. Энэ жилийн даншигт 256 бөх барилдах бөгөөд бөхчүүдийг ирэх сарын 03-нд 09.00-17.00 цагийн хооронд бүртгэх юм.
Бүртгэлийг Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын заал /хуучнаар Хоршоолол нийгэмлэгт/ хийнэ. Наадамд барилдахаар бүртгүүлэх бөхчүүд иргэний үнэмлэх, 3х4 хэмжээтэй цээж зурагтай ирэх ёстой аж.
Дашрамд дурдахад, Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ билээ. Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиогддог тус арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа болдог.
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг