sonin.mn
Румын улсад болсон дэлхийн шатрын холбооны их хурлаар Монголын шатарчин эмэгтэйчүүдийн их мастер цолны болзол хангасныг албан ёсоор баталсан.Эл амжилтын эзэн Дорнод аймгийн харьяат шатарчин Б.Аминатай ярилцлаа. Өдгөө 17 настай тэрбээр их мастер цол авсан Монголын ес, эмэгтэйчүүдээс тав дахь шатарчин болж буй юм.
 
-17 насандаа их мастер болсонд баяр хүргэе. Энэ амжилтад хүрэхийн тулд хэдэн настайгаасаа шатраар хичээллэсэн бэ?
 
-Баярлалаа. Зургаан настайдаа ааваараа шатар тоглохыг заалгаж байсан. Хамаатны хүүхэд шатар тоглож байхыг анх хараад сурах хүсэл төрсөн. Түүнээс хойш ахтайгаа хамт шатар тоглож сурсан. Ааваараа шатрын нүүдэл заалгаснаас хойш өнөөдрийг хүртэл тоглож байна. Харин ах маань багадаа идэвхтэй байсан ч одоо хааяа л тоглодог.
 
-Их мастерын болзол хангасан сайхан мэдээгээ хамгийн түрүүнд хэнтэй хуваалцсан бэ?
 
-Хамгийн түрүүнд ээжээсээ сонссон. Манай ээж Өмнөд Солонгост ажилладаг. Энэ талаар ээжид Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч хэлсэн гэсэн. Өмнө нь их мастер болно гэдгийг мэдэж байсан ч дэлхийн шатрын холбооны их хурлаар баталсан эсэх нь тодорхойгүй байсан юм. Тиймээс энэ мэдээг анх сонсоод итгээгүй
 
 -Одоо ямар тэмцээнд оролцохоор зэхэж байна вэ?
 
-Энэтхэгт болох тэмцээнд оролцох гээд болилоо. Ирэх сарын 17-нд Улаанбаатар хотноо шатрын 20 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд оролцохоор бэлтгэж байна. Есдүгээр сард Москвагийн Биеийн тамирын дээд сургуулийн Шатрын академид суралцахаар явна. Тэнд Монголын тэргүүлэх шатарчид сурсан. Оросыг шатрын орон гэж хэлэхэд буруудахгүй байх. Тэнд суралцангаа тэмцээн уралдаанд оролцох бодолтой байна.
 
-Ирээдүйд шатрын дасгалжуулагч болох зорилготой юу?
 
-Шатраа тоглож байгаад "Боллоо" гэж бодсон үедээ дасгалжуулагч болно гэж боддог. Зарим хүн шатар тоглохыг хобби гэдэг. Харин миний хувьд шатар амьдралын чухал зүйлсийн нэг. Ээж маань надад шатрын клуб нээж өгнө гэдэг. Гэхдээ би багшийнхаа шатрын клубийг өвлөж авна гэж боддог. Мөн шатрын хамгийн дээд цолд хүрэхийг хүсдэг. Эмэгтэй их мастер болсон нь зорилгодоо хүрэхэд нэг шат ахиж байна гэсэн үг.
 
-Тэмцээний бэлтгэлдээ гарчихсан байна уу?
 
-Олон цагийн бэлтгэл хийхгүй байгаа. Өдөрт дөрвөн цаг бэлтгэлд зарцуулж байна. Өмнө нь өдөрт найман цагийн бэлтгэл хийдэг байсан учир чөлөөт цаг гардаггүй байсан. Одоо хэсэгхэн цаг гарсан дээр нь найзуудтайгаа уулзаж байна. Орост таван жил сурна. Тиймээс цаг олдсон ч дээр найзуудтайгаа цагийг өнгөрөөж байна даа.
 
-Дорнод аймагт байсан таныг хотын шатарчин болгосон хүн нь таны ээж гэсэн. Ээж тань яагаад тийм шийдвэр гаргасан юм бол?
 
-Би Дорнод аймагт тавдугаар анги төгстлөө сурсан. Түунээс өмнө хотод ирээд тэмцээнд оролцдог ч хожигдчихоод байсан юм. Тиймээс ээж маань намайг хотод бэлтгэл хийлгүүлэхээр шийдсэн. Би долоодугаар ангид орох жилээ хотод ирж, 33 дугаар сургуульд орсон. "Төгс нүүдэл" клубийн З.Цэнгэнбаяр багшийн удирдлага дор шатраар хичээллэн ирсэн жилдээ хотын аваргаас мөнгөн медаль авсан. Одоо Энхбаатар багшийн удирдлага дор шатраар хичээллээд таван жил болж байна.
 
-Хотын тэмцээнд амжилт гаргахгүй байсан шалтгаан нь юу байв?
 
-Хамгийн гол нь дасгалжуулагч байсан. Дорнодод байхдаа хүүхдүүдтэй тоглодог байсан бол энд ирээд бэлтгэлийг жинхэнэ утгаар нь хийдэг болсон. Шатарчдын өрөгт анализ хийж, бодпого боддог болсон. Энэ бүхэн миний амжилтад нөлөөлсөн.
 
-Даагаа нэхэхийг хүсдэг тамирчин бий юү?
 
-Тийм тамирчин олон бий. Ер нь дэлхийн аваргуудтай тоглохыг хүсдэг.
 
-Шатрын шигшээ баг байгуулахаар болсон. Таныг дуудсан уу? 
 
-Монголын шатрын шигшээ багийг бүрдүүлнэ гэж ярьж байсан ч ажил хэрэг болгосонгүй. Уг нь бүрдүүлсэн бол би орох байсан. Манай улсад шатрын спорт маш сайн хөгжиж байна. Шатрын клубүүд үүд хаалгаа нээж, эцэг, эхчүүд ч хүүхдээ багаас нь хичээллүүлдэг болж. Харамсалтай нь, төр, засгаас энэ спортыг бага дэмждэг. Тиймээс тамирчдад тулгардаг асуудал олон бий. Би гэхэд тэмцээнд оролцоход бүх зардлаа өөрөө гаргадаг. Солонгост ажиллаж байгаа ээж минь тэмцээнд оролцох зардлыг даадаг. Ер нь шатарчдыг тэмцээн уралдаанд оролцоод ирэхэд нь хааяахан л хүлээж авдгаас дэмждэггүй
 
-Хүүхэд бүрийн аливаа зүйлийг хүлээн авах чадвар ондоо байдаг. Тиймээс шатар анхлан сурах гэж байгаа хүүхдүүдэд хандан зөвлөгөө өгнө үү?
 
-Хүүхдүүд багаасаа шатраар хичээллэдэг болсон. Энэ нь тэдэнд аливаа зүйлийг олон талаас нь бодож сургахаас гадна тэсвэр хатуужилтай болгодог. Анхлан сурч байгаа хүүхдийг олон цагаар хичээллүүлэх хэрэггүй. Учир нь, тэд шатрыг сонирхон дөнгөж тоглож сурч байгаа. Тиймээс өдөрт цөөн цагаар хичээллүүлж эхэлбэл үр дүнтэй гэж бодож байна. Гэхдээ шатраа өдөр болгон тоглох хэрэгтэй. Тэмцээнд оролцох гэж яарах хэрэггүй. Би л гэхэд хоёр жил хичээллэсний дараа аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон түрүүлж байсан юм.
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин