МОСКВА. /ТАСС/. ОХУ-д болсон ДАШТ-2018-ыг нийтдээ 6,8 сая жуулчин үзсэнээс 3,4 сая нь гадаадын жуулчид байжээ. Энэ тухай Холбооны аялал жуулчлалын агентлаг болох Ростуризм-ын захирал Олег Сафонов мэдэгдлээ.
Тус агентлаг хөл бөмбөгийн тэмцээнүүд явагдсан 11 хотын удирдлагатай хамтран тэмцээний дүн мэдээг гаргасан байна.
6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 15 хүртэл явагдсан ДАШТ-ийг нийтдээ 6,8 сая жуулчин үзсэнээс 3,4 сая гадаадын иргэд байжээ. Дээрх агентлаг 1 сая гадаадын жуулчин ирнэ гэж урьдчилан тооцоолж байсан аж.
Ростуризм-ын мэдээлэлд дурдсанаар, ДАШТ-ий тоглолтуудыг зохион байгуулсан хотууд 2017 оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар илүү олон жуулчдыг хүлээн авсан байна. Хамгийн олон жуулчид зочилсон хот бол Москва бөгөөд тус хотод 3 сая жуулчид ирснээс 2 сая нь гадаадын иргэд байжээ. Оросын нийслэлд Хятадаас 223,2 мянга, АНУ-ын 167,4 мянга, Германы 81,6 мянга, Холландаас 61,9 мянга, Францын 45,1 мянган жуулчин ирсэн байна.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг