К2 оргилд гарсан анхны Монгол хүн гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
 
-Хамтдаа авирсан багт тань ямар орны хүмүүс байв. Бүгд авиралтаа амжилттай дуусгасан уу?
 
-Би энэ удаад найман орны 10 уулчинтай баг болсон. Хоёр Япон хоёр Хятад, Швейцар, Бельги орны тамирчид байсан. Энд нэг зүйлийг онцлоход манай баг их олон
анхдагчидтай байлаа. Учир нь. бид авиралтаа дуусгаад хоорондоо ярилцахад манай багт К2-т гарсан Латин америкийн анхны эмэгтэй байсан. Мөн анхны Швейцарь, Бельги, Ирланд гээд анхдагчид олонтой багт багтаж, авиралтаа амжилттай дуусгалаа.
 
-Ер нь энэ оргилд амжилттай авирсан эмэгтэй уулчдын тоо хэд байдаг бол?
 
-Манай багийн 10 гишүүний тав нь эмэгтэй байсан. Энэ жилийн хувьд К2 оргилд олон эмэгтэй гарсан. Нийт зургаан эмэгтэй амжилттай авиралтаа дуусгасан. Дэлхий нийтэд аваад үзвэл энэ оргилд гарсан эмэгтэйчүүдийн тоо 26,27 байх. Гэхдээ К2 оргилд амжилттай гарсан эхний 5,6 эмэгтэй буухдаа осолдсон байдаг. Тиймдээ ч энэ оргилыг эмэгтэйчүүдэд хатуу ширүүн гэх яриа гарч байсан. Энэ удаад оргил минь эмэгтэйчүүд бидэндээ их сайхан хандлаа. Ер нь энэ жилийнх шиг ийм олон хүн оргилд нь амжилттай гарсан тохиолдол байдаггүй. Өмнө нь 2012 онд 28 уулчин амжилттай гарсан байдаг. Бид К2 уулын оргилд 31-үүлээ амжилттай гарлаа. Энэ оргилд нийт 337 уулчин амжилттай авирснаас 80 гаруй хүн нь буухдаа осолдож амиа алдсан байдаг юм билээ.
 
-Таны хувьд ч гэсэн буухдаа айж байв уу?
 
-Манай багийнхан оргилд гараад их хурдан буусан. Миний хувьд цас орж байсан учир эрсдэлийг тооцоолоод IV кемпэд хоноод маргааш нь тааваараа бууж ирсэн.
 
-Авиралт хийх явцад хүндрэлтэй зүйл тохиолдсон уу?
 
-Цаг агаарын хувьд энэ жил их сайхан байлаа. Миний хувьд ч бие сэтгэл санаа бүх зүйл сайхан байсан. Энэ бүхэн минь авиралтаа амжилттай дуусгахад нөлөөлсөн болов уу. Гэхдээ яг авиралт хийх үеэр цаг агаар муудсан. Биднийг III кемпэд байх үед дээшээ олс тавих боломжгүй учир бүх уулчдыг буу гэсэн мэдээлэл бидэнд ирсэн нь бидэнд их таагүй сонсогдсон. Ингээд манай багийн гишүүд буух бэлтгэлээ базааж эхэлсэн. Гэтэл манай хөтөч "Би дээшээ ороод байдлыг ажиглаад ирье" гээд явсан. Тэгээд эргэж бууж ирээд "Асуудалгүй гарч болох юм байна" гэсэн. Тэр надаас "Доош буух уу дээш гарах уу" гэж асуусан. Би ч "Буухгүй. Дээшээ гарна" гэдгээ хэлсэн. Ингээд бид хоёр багийн гишүүдээ ятгасан. Бүгд авиралтаа амжилттай дуусгаад ирсэндээ баяртай байна. Энэ оргилд гарах нь монголчуудын хувьд олон жилийн мөрөөдөл байлаа. Миний хувьд ч мөрөөдөл, зорилго минь байсан. Ээжийгээ амьд ахуйд дахин авирахгүй гэж амлаж байлаа. Энэ амлалтаа зөрчин зорилгоо биелүүллээ. Ээжээс гадна хамаатан саднууд минь намайг энэ оргилд дахин гарахыг хориглож байсан.
 
-Дараачийн авиралтын төлөвлөгөө гарсан уу?
 
-Ер нь бол төлөвлөсөн зүйл бий. Гэхдээ дэлгэрэнгүй ярих болоогүй. 8000 метрээс дээш өндөртэй 14 оргил байдаг. Үүний найм нь их найман оргил гэдгээрээ алдартай юм байна. Хамгийн эхэнд Эверест юм билээ. Хоёрт нь К2 багтдаг. Энэ тухай бодоход сонирхолтой санагдаж байгаа.
 
 
 
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин