НАЙРОБИ. /Би-Би-Си/. Кенийн тамирчдаас анх удаа 400 метрийн саадтай гүйлтийн төрөлд дэлхийн аварга болж байсан тамирчин Николас Бетт өнөөдөр буюу лхагва гарагт Кенийн хойд нутгийн Нанди тойрогт автомашины ослоор 28 насандаа харамсалтайгаар амиа алдсан байна.
Н.Бетт нь саяхан Нигерид болсон Африкийн аварга шалгаруулах тэмцээнээс дөнгөж ирээд байжээ. Тэрбээр 2015 онд Хятадад болсон хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 400 метрийн саадтай гүйлтийн төрөлд анх удаа алтан медаль хүртсэн Кенийн тамирчин болж байсан билээ. Мөн Африкийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальтай аж.
Кенийн тамирчид “Твиттер” хуудсаараа дамжуулан түүнийг амиа алдсан тухай албан ёсоор мэдээлсэн ба тус улсын спортын яамны сайд Рашид Ечеса ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг