sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах “OLYMPIC AGENDA 2020” хөтөлбөрийн хүрээнд шинэчлэгдсэн салбар комиссуудыг байгуулсан билээ. Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ нь нийт 27 салбар комисстой үйл ажиллагаа явуулж буй бөгөөд "Маркетингийн комисс"-ын гишүүнээр Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, "Токио-2020" Монгол улсын багийн ахлагч Б.Баттүшиг сонгогдов.
Тэрбээр Монголын бадминтон сонирхогчдын холбооны Ерөнхийлөгчөөр 2015 онд сонгогдож, 2017 онд Дэлхийн бадминтоны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажлуудыг хийж байна.
Тус комисст Японы үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Такеда Цүнекүза /дарга/, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны /FIBA/ ЕНБД, ОУОХ-ны гишүүн Патрик Бауман тэргүүтэй спортын зүтгэлтнүүд ажиллаж байгаа билээ.
ОУОХ-ны "Спорт ба Эмэгтэйчүүд" комиссод Монголын волейболын холбооны ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч П.Тунгалаг ажиллаж байгаа бол 2012-2013 онд “Спорт ба байгаль орчин” комиссын гишүүнээр МҮОХ-ны Зөвлөх Ж.Отгонцагаан ажиллаж байсан юм.
"Олимпийн өвөө" хэмээн спортын хамт олондоо хүндлэгдсэн ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван нь 1977-2009 онд ОУОХ-ны бүрэн эрхт гишүүнээр ажиллаж байсан түүхтэй.