sonin.mn
Монгол Улсын Ардын багш, гавьяат тамирчин, Азийн хошой аварга, Үндэсний шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч Х.Алтанхуягтай ярилцлаа.
 
-10 жилийн өмнөх энэ өдрүүдэд Монголын боксчид олимпоос алт, мөнгөн медаль хүртэж байлаа. Мөн боксчдын дундаас гурав дахь Ардын цолтон төрлөө. Энэ хүртэл та боксын спортод хэдэн жил зүтгэж байна?
 
-Монголын бокст өнөөдрийг хүртэл 60 жил зүтгэжээ. Энэ жил Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 70, Сөүлийн олимпоос шавь Н.Энхбат маань хүрэл медаль хүртсэний 30, олимпын аваргатай болсны 10 жилийн ой тохиож байна. Олон тэмдэглэлт үйл явдалтай давхцаад боксын спортоос төрсөн  гурав дахь  Ардын цолтон  болсондоо баяртай байна. Манай боксынхон, шавь нар маань үүнийг их хүсч мөрөөдөж байсан байх. Тийм ч учраас төр, засгийн өндөр цолыг  хүртлээ.
 
–Боксын анхны гарааг 1961 онд “Хоршоолол” нийгэмлэгээс эхэлсэн гэсэн. Энэ талаар эргэн дурсахгүй юу?
 
-Би 1961 онд 14 настайгаасаа боксоор анх  хичээллэж эхэлсэн. Ер нь боксын спортоор багаасаа хичээллэх нь зөв. Тэгж байж суурь нь зөв тавигддаг, туршлага суудаг. Ийм учраас хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш, дасгалжуулагч нарт би “Та нар битгий яараарай, хүүхдүүдэд суурийг нь л зөв тавиад өгөхөд бүх юм болно, хамаагүй зодолдуулж болохгүй. Хөдөлгөөний эвслийг олгох нь гол” гэж хэлдэг. Түүний дараа нас бие гүйцэж, 17-48 хүрэхэд нь тоглолт, тулааны урлагийг заах хэрэгтэй” гэж захидаг юм. Миний хувьд 1959 онд Монголын бүх ард түмний залуучуудын их наадам, дараа нь спартакиадад өөрөөсөө ах, нэлээд бяр, туршлагатай жижигхэн бор залуугийн тоглолтыг хараад ихэд биширч бокс тоглох юм сан гэсэн бодол төрсөн. Түүнээс жил гаруйн дараа “Хоршоолол” нийгэмлэг дээр гавьяат дасгалжуулагч Б.Мишигдорж багш боксын секц явуулж байгааг мэдээд тийш  очсон. Намайг авсан ч хэд хоногийн дараа “Хүүхэд олон байна, шалгаруулалт хийнэ” гэсэн. Гэтэл шалгаруулалтад нь  ялагдчихлаа. Гэсэн ч “Би сэтгэлээсээ энэ спортод дурласан юм.Намайг битгий хасаач, би явж байя” гэж гуйлаа. Багш маань  тэр үед  “Алдар” нийгэмлэгийн шигшээ багийн тамирчин, олон хүүхэдтэй цаг гаргаж ажиллах хэцүү байсан байх. Секц нь долоо хоногт гурван удаа хичээллэх ёстой ч сард 2-3 цуглахаас хэтрэхгүй. Заримдаа очоод хүлээж байгаад тарна. Гэвч багш ч, бид ч хичээсэн, үр дүн гарсан. Ер нь Монголд боксын спортыг хөгжүүлэхэд,  олимпийн аварга төрөхөд Б.Мишигдорж багшийн оруулсан гавьяа маш их бий. Социализмын үед биеийн тамирын уран чадвар суулгах сургууль гэж байлаа. Тэнд Б.Мишигдорж багш олон хүүхдийг бэлтгэж, шигшээ багт өгсөн. Э.Бадар-Ууган,П.Сэрдамба хоёрын анхны багш, суурийг нь сайн тавьж өгсөн шүү дээ. Харин хоёр шавь нь анхны багшийгаа дурсдаггүй.
 
–Анхны тэмцээн хэзээ болж, хэнтэй  анх нударга зөрүүлж байв?
 
-Бокс тоглоод удаагүй байтал, 1962 онд   “Хоршоолол”, “Хөдөлмөр” нийгэмлэгийн нөхөрсөг тэмцээн боллоо. Би Монголын бүх ард түмний спартакиадын мөнгөн медальт Т.Ганбаттай  рингэнд гарсан. Тэр үед нийгэмлэгүүд хоорондоо халз тулаан хийдэг байсан юм. Хүүхэд байсан болохоор үзээд л байлаа. Нэг мэдсэн ядарсан  гэж жигтэйхэн, юу болсныг ч мэдсэнгүй. Шүүгчид дүнгээ гаргахад би 2:1-ээр ялагдчихаж. Хүмүүс  хашгираад, зарим нь  шүүмжилж орилж байна. Тэгсэн “Хоршоолол” нийгэмлэгийн дарга н.Намнансүрэн гуай “Ялалтаа луйвардуулчихлаа. Урам нь хугарчихна” гэсээр надад III зэргийн тэмдэг, үнэмлэх гардуулдаг юм байна. Түүнээс нь  маш их урам авсан. Дараа жил нь 1963 оны Монголын бүх ард түмний II спартакиадад түрүүлсэн минь надад том урам өгсөн. Тэр хооронд манай нийгэмлэг “Соёл” нийгэмлэгт харъяалагдаж, багш маань солигдсон. Сүүлд Д.Сэрээтэр багшийн удирдлагад очлоо. 1964 онд  Монголд боксын спортыг  хориглосон шийдвэр гарч, миний ид тоглож эхэлсэн үеийн дөрвөн жил  хорионд өнгөрсөн дөө. Батлан хамгаалах яамны сайд асан Б.Доржийн тушаалаар  Монголд боксыг хориглосон юм. Боксчид бэлтгэл хийх, тэмцээнд оролцох эрхгүй болж, дугуйлангууд үүдээ барьсан. Тэр үед нийтийн бүжиг их болдог, тараад зодоон болдог. Тэрэнд нь том даргын хүүхэд өртөж, боксчдын сахилга батын асуудал хөндөгдсөн бололтой юм билээ. Мөн тухайн үед боксын холбоог удирдаад аваад явчих хэмжээний хүн байгаагүй байсантай  холбоотой. 1966 онд гавьяат дасгалжуулагч Б.Олзод багш маань ОХУ-ын Биеийн тамирын дээд сургуулийг  төгсч  ирээд  тамирчдаа  цуглуулж, сайд дарга нартай уулзаж 1967 онд боксын спортыг сэргээсэн.  Бокс тоглох боломжтой болонгуут  бөөн баяр болж,  багшийнхаа удирдлагад бэлтгэл хийж эхэлсэн.
 
–Боксчид, энэ спортыг сонирхогчид  таныг “Серий”, “Нийгмийн хонгор” гэж нэрлэдэг. Энэ юутай холбоотой вэ?
 
– Би залуудаа холын зайд сайн гүйдэг байснаас  “Нийгмийн хонгор” гэж хочлуулах болсон. “Серий”  гэдэг нь  угсраа  цохилтуудаас үүдсэн нэр.
 
–Та 1971 онд Монголын тамирчдаас анх Ази тивийн аварга болсон боксчин. Тэр үед юу бодогдож байв?
 
-Тегеранд болсон тэр тэмцээнд Б.Олзод багш намайг авч гарч байлаа. Тэр үед би овоо туршлагатай болчихсон, нэлээд хэдэн тэмцээнд оролцоод амжчихсан  байв. Өөртөө ч итгэлтэй болсон байлаа.Эх орондоо ирэхэд 3000 төгрөгөөр шагнаж, Монгол Улсын гавьяат тамирчин цол олгосон. Б.Олзод багш, С.Магсар багш, Х.Баянмөнх бид дөрөв  нэг өдөр төрийн  эрхэм шагналыг хүртсэн юм. Би  24 настайдаа багштайгаа хамт нэг өдөр гавьяат цол хүртэж байлаа.
 
–Бие биеэ хурцалж явсан нэг үеийн боксчид хэн байв?
 
-Б.Ганбат багш, С.Гомбо хоёртойгоо олон ч тэмцээнд нударга зөрүүлж явлаа.  Гомбо бид хоёр нэг жингийнх, байнга өрсөлддөг, фенальд ч хамт. Бид хоёр анх бээлий өмсч танилцаж байсан юм.
 
-1972 онд болсон Мюнхений олимп  таны  хувьд анхных  уу?
 
-Тэр наадамд манай боксчдод медалийн шанс байсан.  Б.Ганбат багш, П.Баатар бид гурав оролцсон юм. Бидэнд тохироо бүрдээгүй,  олон улсын шүүгч байхгүй, том тэмцээнүүд тивээрээ болчихдог байсан үе. Би Агентиний тамирчинтай таарч ялсан. Дараа нь  Туркийн тамирчныг  унагаасан ч  ялалтыг эсрэг талд өгчихсөн харамсалтай явдал гарсан. Боксын спорт луйвар ихтэй. Шүүгчдийн зөвлөлд хүн байхгүй бол хэцүү. Үүнээс болж золиосонд явчихдаг тал бий.
 
-“Монреаль-1976”  олимпийн наадамд  Б.Олзод багш чинь удирдлагуудтайгаа таарамжгүй байснаас явж чадаагүй гэдэг бил үү?
 
-Багш минь байсан бол гэж одоо ч боддог  юм. Лап барина гэдэг маш чухал зүйл. Тэрэн дээр бүх цохилтоо бэлдэнэ. Түүнээс гадна олон угсраа цохилт, хамгаалалт гээд бэлтгэлээ базаана. Б.Олзод багш шиг лап барьдаг хүн байхгүй. дээр нь багшийн удирдлага, захирамж гэж байна. Тамирчныг барьж удирдах чадвар чухал.Тамирчдыг барих хатуу дэг хэрэгтэй гэж би боддог,одоо ч тэр. Өнөөгийн нийгэмд өөр болчихож л дээ, хүний эрхэнд халдлаа гэх байх. Гэтэл энэ том спортод тийм байхаас аргагүй. Б.Олзод багш маань хатуу дэг баримталдаг байсан. Лап барина гэснээс  нэг зүйлийг хэлэхэд, боксын дасгалжуулагч маш хүнд хөдөлмөр. Лап бариад өөртөө маш их доргилт авдаг, бөөр, нурууны өвчинтэй болдог. Тэтгэвэрт гарахад энэ нөхцлийг  харж, хүнд нөхцөлд тооцдог байх хэрэгтэй.
 
–Та хэдэн онд зодог тайлсан юм бэ?
 
-Монреалийн олимпийн дараа 30 настайдаа дасгалжуулагч болсон. Үндэсний шигшээ багт  1976-1990 онд 14 жил ажилласан. Д.Банди багш бид хоёр  тэр үед дасгалжуулагч болсон юм.
 
–Монголын боксын спортын цаашдын хөгжлийг та юу гэж харж байна?
 
-Хамгийн гол нь мэргэжлийн сургууль байх хэрэгтэй. Мөн тамирчдад ур чадвар суулгах сайн багш нар чухал. Хүүхдүүдийг багаас нь бэлтгэж, суурийг нь маш зөв тавьж өгөх ёстой. Хөдөө орон нутагт энэ ажил явж байгаа ч заал, тоног хэрэгсэл, багш нарын ажиллах орчин нөхцөл дутмаг байна.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин