sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хэл яриа сонсголын бэрхшээлтэй ч өөрийн хүсэл мөрөөдлөөрөө Эльбрусийн оргилд эх орныхоо далбааг мандуулсан уулчин Ч.Мөнгөндалай өнөөдөр буюу наймдугаар сарын 21-ны өдөр эх орондоо ирж Сүхбаатарын талбай дээр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр цахилгаанчин мэргэжилтэй боловч хөгжлийн бэрхшээлтэй гэдэг шалтгаанаар өөрийг нь ажилд авахаас татгалзсан. Тиймээс өөрийн халамжийн тэтгэмжээ цуглуулан мөрөөдөлдөө хүрэхээр шургуу хөдөлмөрлөсний дүнд Эльбрусийн ноён оргилд Монгол Улсынхаа далбааг мандуулжээ.
Ийнхүү тэрбээр Эльбрусийн оргилд авирсан монголын анхны хөгжлийн бэрхшээлтэй уулын спортын тамирчин боллоо.
Тэрээр хэлэхдээ “Цаг агаарын байдал маш хэцүү шуургатай байсан учраас шөнө амралтгүйгээр 4 удаагийн оролдлого хийж амжилттай авирсан. Нийтдээ найман хүний бүрэлдэхүүнтэй олон улсын уулын спортын тамирчидтай авиралт хийсэн. Анх цахим орчноос Эльбрусийн тухай мэдээллийг авсан бөгөөд мөрөөдлөө зогсоохгүй цаашдаа өөрийгөө хөгжүүлэн 6000-7000 мянган метр илүү өндөрт гарах зорилго тавин бэлтгэх хийх төлөвлөгөөтэй байгаа” гэв.
 
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг