sonin.mn
Жакарта /МОНЦАМЭ/. Азийн XYIII зуны спортын наадамд хүч ур чадвараа сорьж байгаа Монголын багийн ахлагч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй, Монголын багийн дэд ахлагч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Түмэн-Аюуш нар Жакарта дахь тус наадмын Хэвлэл мэдээллийн төв /МРС/-өөр зочилж энэ наадмыг сурвалжилж байгаа олон улсын спортын сэтгүүлчдийн мэдээллийн төвийн ажлыг сонирхлоо.
Тэдэнд тус төвийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байдаг, мэдээллээ өөрийн улс орондоо болон дэлхий нийтэд хэрхэн хурдан шуурхай дамжуулан түгээж байгаа талаар Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар танилцуулсан юм.
 
 
Энэ  үеэр Монголын багийн дэд ахлагч Ж.Түмэн-Аюушийн сэтгэгдлийг авснаа та бүхэнд толилуулж байна.
Тэрбээр, "Азийн наадам 4 дэх өдрөө үргэлжилж байна. Манай баг тамирчдын хувьд 2 алт, нэг мөнгө, 4 хүрэл медальтай 45 орноос 9 дүгээр байрт амжилттай явж байна. Чөлөөт бөхийн тэмцээн эхний 3 өдөр үргэлжилж манай багийнхан амжилт дүүрэн өндөрлүүллээ. Амжилтаа дүгнэхэд, Азийн наадмын түүхэнд манай бөхчүүд эхний өдөр алтан медаль хүртэж байгаагүй гэдгээрээ онцгой үйл явдал боллоо. Наадам дөнгөж эхэлж байна, биднийг олон сорилт, амжилтууд хүлээж байгаа. Энэ удаагийн наадамд Монголын баг тамирчид өмнөх наадмуудад гаргасан амжилтуудаа ахиулж, медалийн тоог нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь энэ удаагийн  наадамд бидний өндөр амжилт гаргадаг самбо, жиү жицү зэрэг төрөл нэмэгдсэн байгаа. Би одоо Индонезийн Палембан аралд очиж Монголын багийн ахлагчаар ажиллана. Тэнд буудлага, триатлон, газрын теннис, софт теннис, боулингийн төрлийн тэмцээн болж байгаа. Буудлага спортоор манай Г.Нандинзаяа хүрэл медаль хүртсэн, энэ сарын 22-ноос Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа тэргүүтэй тамирчид тэмцээнээ эхлүүлнэ. Азийн XYIII зуны спортын наадмыг зохион байгуулж байгаа Индонезийн хувьд хүн ард нь их амгалан тайван санагдлаа. Наадмын зохион байгуулалт сайн байна.
 
 
Наадмын Хэвлэл мэдээллийн төвд ажиллаж байгаа сэтгүүлчдийн ажил байдалтай танилцахад, сэтгүүлчдийн ажиллах нөхцлийг бүрэн хангажээ. Харин улс орнууд өөр өөрсдийн сэтгүүлчдийг энд ажиллах нөхцлийг нь бүрдүүлэх талаар эдийн засгийн чадамжаасаа шалтгаалж өөр өөр байдаг нь илт харагдаж байна" гэлээ. 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг