sonin.mn
Азийн наадмын эмэгтэйчүүдийн гар бууны 25 метрийн төрөлд Энэтхэгийн тамирчин Рахи Сарнобат алтан медаль хүртсэн нь Монголтой салшгүй холбоотой. Учир нь,түүний хувийн дасгалжуулагч нь Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн хошой аварга, Олимпын хошой хүрэл медальт, Дэлхийн цомын олон удаагийн аварга, Азийн болон Европын аварга Д.Мөнхбаяр юм. Тэрбээр зодог тайлснаасаа хойш Энэтхэгийн залуучуудын шигшээ багийг дасгалжуулж байсан бөгөөд тус улсад түр оршин суух болсон юм.
Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн Рахигийн хувийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа ажээ. Рахи Энэтхэгийн буудлагын спортын түүхэнд Азийн наадмын аварга болсон анхны эмэгтэй гар бууч болж буй нь энэ аж. Мөн Рахи Сарнобат 2013 онд Дэлхийн цомд түрүүлсэн анхны эмэгтэй гар бууч болж байжээ. Түүнээс хойш улсынхаа гол найдвар болсон ч өнгөрсөн жил тохойндоо хүнд бэртэл авсан учраас буудах техникээ өөрчлөхөд хүрчээ. Түүнд Германаас ирсэн монгол дасгалжуулагч Д.Мөнхбаяр ийнхүү тус болжээ. Олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Д.Мөнхбаяр "Түүний буудлагын техникийг өөрчлөх талаас зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн сэтгэлзүйг нь өндөр төвшинд бэлтгэсэн" гэж "Times of India"-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Д.Мөнхбаяр дасгалжуулагч Энэтхэгт ажиллах саналыг хүлээн авсны дараа Монголын буудлагын холбооноос түүнд дасгалжуулагчийн ажил санал болгосон ч шинэ үүрэг авч, гэрээ байгуулсан болохоор үүнийг цуцлах боломжгүй байжээ. Монголын алдарт тамирчин Д.Мөнхбаяр 2020 оны Токиогийн олимп хүртэл Энэтхэгийн шигшээ багт зүтгэж, хинди бүсгүйчүүдийн дасгалжуулагчаар ажиллах аж. Дашрамд дуулгахад, Азийн зуны спортын XVIII наадамд оролцож буй Монголын жюүжицүгийн баг тамирчид өнөөдрөөс эхлэн хүч чадлаа сорино.
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин