sonin.mn
Жакарта /МОНЦАМЭ/. Азийн XYIII зуны спортын наадмын найм дахь өдрийн тэмцээн уралдаанууд орон нутгийн цагаар өглөөний 06 цагт эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнээр эхэллээ.
Тус уралдаанд Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од 2 цаг 23 минут 42 секунд /2:23:42/-ын амжилтаар тавдугаар байрт шалгарлаа.
Тэрбээр 10 дахь км-т нэгдүгээр байрт, 15 дахь км-т хоёрдугаар, 20 дахь км-т гуравдугаар, хагас марафоны зайд мөн гуравдугаарт,  харин 25 дахь км-т нэгдүгээрт, 30 дахь км-т тавд, 35 дахь км-т наймдугаарт, 40 дэх км-т тавдугаар байрт орж хурдалсаар ийнхүү айргийн тавд барианд орж ирлээ.
 
 
Азийн наадмын марафон гүйлтийн тэргүүн байрыг Японы тамирчин Иноуе Хирото 2:18:22 гэсэн амжилтаар тэргүүлсэн бол Бахрейны тамирчин Елаббасси Елхассан удааллаа.
Харин гуравдугаар байрт БНХАУ-ын тамирчин Дуо Бужие 2:18:48 гэсэн амжилтаар барианд орсон бол дөрөвдүгээр байрт Японы тамирчин Сонота Хаяато 2:19:04 гэсэн амжилтаар барианд орж ирлээ.
Манай гавьяат марафонч Б.Сэр-Од өмнөх буюу Азийн XYII зуны спортын наадмын марафон гүйлтийн тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлж байсан билээ. 
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг