sonin.mn
ЖАКАРТА. /Asiangames2018.id/. Индонези улсад болж буй Азийн спортын наадмын 3000 метрийн саадтай гүйлтийн тэмцээн даваа гарагт болсон бөгөөд энэ төрөлд Ираны тамирчин Кейхани Хоссейн түрүүлж, алтан медалийн эзэн болжээ.
К.Хоссейн уг зайг 8:22.79 минутад туулсан нь 2010 онд Гуаньжоуд болсон Азийн наадамд Бахрейны тамирчин Тахер Тарек Мубаракийн үзүүлсэн 8:25.89 минутын амжилтыг эвдсэн байна.
Мөнгөн медалийг Катарын багийн тамирчин Бакхараб Ясер 8:28.21 минутын амжилтаар хүртсэн бол Японы тамирчин Шиожири Казуя 8:29.42 минутад 3000 метр саадтай замыг туулж, гуравдугаар байрыг эзэлснээр эх орныхоо медалийн тоог ахиулсан ажээ.
Энэ удаагийн Азийн наадамд медалийн тоогоор Япон улс хоёрт, Иран улс тавдугаарт, харин Катар улс 17-р байрт жагсаж байгаа юм.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг