ПАЛЕМБАН. /Asiangames2018.id/. Индонезийн өмнөд Суматра арлын Палембан хот дахь “Жакабарин” спорт цогцолборт таван хоногийн турш үргэлжилсэн боулингийн тэмцээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын баг тамирчид нийт 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, спортын энэ төрөлд тэргүүн байр эзэлсэн байна.
БНСУ-ын араас Малайз улсын боулингийн спортын баг тамирчид 2 алт, 2 мөнгөн медалийн амжилтаар орж байгаа бол Япон улс 2 алтан медальтайгаар гуравдугаар байрт жагсжээ.
Боулингийн зургаан тэмцээнээс Солонгос улсын эрэгтэй болон эмэгтэй баг тамирчид 2 алтан медаль хүртсэний зэрэгцээ өөр хоёр тамирчин мөн алтын төлөө өрсөлдсөн хэдий ч хүссэн амжилтдаа хүрч чадаагүй ажээ.
Шигшээ тоглолтод Малайзын тамирчин Мухаммад Рафик Исмайл Солонгосын багийн тамирчин Пак Жун Во-г ялж, алтан медалиар энгэрээ мялаасан байна. Мухаммад Рафик Исмайл нь солгой гартай бөгөөд 534 оноо авсан бол Пак Жун Во 501 оноотойгоор мөнгөн медалийн эзэн болжээ. Тэдний дараа мөн Солонгосын тамирчин Коо Сён Хой гуравдугаар байрт шалгарсан байна.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд Японы тамирчин Мирай Ишимото Солонгосын тамирчин Ли Ён Жи-г ялж, алтан медаль хүртсэн бол хүрэл медалийг мөн Солонгосын багийн тамирчин хүртжээ.
Дээрх улсуудаас гадна Хятадын Хонг Конгийн баг тамирчид нэг мөнгөн медаль, Тайваний тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл, Сингапурын боулингийн багийнхан 2 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар энэ төрөлд тэргүүлсэн гурван улсын ард жагсаж байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг