sonin.mn
ЖАКАРТА. /Asiangames2018.id/. Индонезийн нийслэл Жакарта хотод пүрэв гарагийн орой болсон Кураш бөхийн тэмцээний сүүлийн өдөр Узбекистан улсын баг тамирчид спортын энэ төрлөөс хоёр алтан медаль хүртжээ.
Кураш бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 78 килограммын жинд алтан медалийг Кумуш Юлдашова хүртсэн бол мөнгөн медалийн эзнээр Монгол улсын тамирчин Отгоны Мөнхцэцэг шалгарч, эх орныхоо медалийн тоог ахиулсан байна.
Харин гуравдугаар байрт, Тайвань болон Вьетнамын багийн тамирчид шалгарч, хүрэл медаль хүртжээ.
Узбекистан улсын дараагийн алтан медалийг Кураш бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 90 килограммын тамирчин Яхё Имамов хүртсэн бол Казахстаны бөх Иерсултам Музаппаров мөнгөн медалиар энгэрээ мялаасан ажээ. Спортын энэ төрөлд хүрэл медалийн эзнээр Кувейтийн багийн тамирчин Хусейн Мисри шалгарсан байна.
Эдгээр ялалт нь Кураш бөхийн төрөлх нутаг болох Узбекистан улсын тамирчдын энэ төрөлд гаргасан амжилтыг ахиулсан явдал болсон ба тус улс нь спортын энэ төрлөөс 6 алт, 2 мөнгө, 4 хүрэл хүртсэн байна. Энэ удаагийн Азийн спортын наадмаас Узбекистан улс нийт 15 алт, 19 мөнгө, 19 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар зургадугаарт жагсаж байгаа ажээ.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг