sonin.mn
ЖАКАРТА. /Киодо/. Азийн спортын наадмын хүрээнд баасан гарагт Индонезийн Палембан хотноо эмэгтэйчүүдийн спортын гурван төрөлт тэмцээн болсон ба энэ төрөлд Японы тамирчин Юко Такахаши түрүүлсэн байна.
Тэрбээр усанд сэлэлтийн төрлийн уралдаанд гараанаас эхлэн өрсөлдөгчдөө манлайлж эхэлсэн бөгөөд барианд ортлоо тэргүүн байраа алдалгүй явж, нийт замыг 1 цаг 59 минут 29 секундэд туулан иржээ.
Спортын энэ төрлийн тамирчид 1.5 километр замыг сэлж, 40 километр замыг дугуйгаар туулж, 10 километрийн зайд гүйж барианы шугамд ирсэн ажээ.
Түүний араас 1 минут 47 секундын дараа Хятадын тамирчин Жунь Мэнинь ирж, мөнгөн медалийн эзэн болсон бол гуравдугаар байрыг Макаогийн багийн тамирчин Лунь Хой эзэлсэн байна.
“Би түрүүлэх амлалтыг өөртөө өгсөн байсан. Дугуйн төрөлд гаргасан амжилт маань төсөөлж байснаас илүү сайн байлаа. Харин гүйлтийн үеэр би унахгүй байхыг л хичээж байсан” гэж 27 настай Ю.Такахаши хэлжээ.
Одоогийн байдлаар Япон улсын баг тамирчид нийт 60 алт, 49 мөнгө, 68 хүрэл медаль хүртсэнээр Азийн орнуудын медалийн эрэмбийн жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг