sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жакарта хотноо өнгөрсөн өдрүүдэд болсон Азийн 18 дугаар наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62-д алтан медаль хүртсэн П.Орхоны допингийн шинжилгээний дүн эерэг гарсаныг албан ёсоор зарлаж, алтан медалийг нь хураах мэдэгдлийг Азийн олимпийн зөвлөл /АОЗ/  албан ёсоор мэдэгджээ.
Түүний шээсний шинжилгээнээс Дэлхийн допингийн агентлаг /WADA/-гаас хориглосон жагсаалтад багтах Станазолол бодис илэрсэн талаар АОЗ-ийн албан ёсны сайт дээр мэдээлсэн байна.
Уг зөвлөлөөс "П.Орхонд наймдугаар сарын 20-ны өдөр хийсэн шинжилгээгээр допинг хэрэглэсэн байсан нь илэрч, тэмцээнээс хасагдах ёстой байсан. Тус шинжилгээний хариуд үндэслэн тэмцээний үеэр түүний гаргасан амжилтыг хүчингүй болгож байна” хэмээн онцолжээ.
Мөн 2017 оны 12 дугаар сард Азийн наадамд оролцох бөхчүүдэд хийсэн шинжилгээгээр Монголын дөрвөн тамирчны допингийн тест эерэг гарч тэмцээнд оролцох боломжгүй болсон хэмээн мэдээлсэн байна. Энэ асуудлаар Дэлхийн бөхийн холбоо албан ёсны мэдээлэл гаргаж, П.Орхоныг сэргээш хэрэглэсэн болохыг баталсан байна.
Улмаар П.Орхоны ДАШТ-ий алтан медаль болон бусад чансааны оноо, Азийн наадмын медалийг тус тус хураахаар болж, мөн 2020 оны олимпийн наадамд оролцох эрхийг нь хасах шийдвэр гаргаж байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг