sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн өнөөдөр Якутад эхэлж манай 2 бөх хагас шигшээд хүч үзнэ.
Эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн урьдчилсан барилдаан болж, 65 кг-д “Арслан” клубын тамирчин ОУХМ Т.Тулга, 97 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Ө.Батзул нар хагас шигшээд барилдана.
Т.Тулга Красноярскийн Николай Донзаленко, ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Даулет Ниязбеков, олимпийн наадмын мөнгөн медальт Японы Рей Хигүчиг ялж хагас шигшээд Буриадын Баяр Цыреновтой, Ө.Батзул Красноярскийн Юрий Белоновский, Македоны Магомедгажи Нуровыг ялж хагас шигшээд Красноярскийн Эрик Жиоевтой тус тус хүч үзэхээр болов.
74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран 1/8 шигшээд эзэн орны Герман Устиновт, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн шөвгийн наймд Ираны Акбар Базригалехт ялагдав. Тэднийг ялсан бөхчүүд шигшээд шалгарвал манай 2 бөх дагах барилдаан хийх юм. Хагас шигшээ барилдаан манай цагаар 17:00 цагт болно. 
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг