sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн Аки башё буюу есдүгээр сарын тэмцээний хоёр дахь өдөр Их аварга Хакүхо М.Даваажаргал Ёкозүна цолтой 900 дахь удаагаа дэвжээнд гарч өрсөлдөгч бөх Икиог унагаснаар 794 дахь даваагаа авлаа.
Энэ башёд гурван Ёкозүна цолтон бүгд зодоглож сумо бөх сонирхогчдоо баярлуулж байна. 72 дахь Ёкозүна Кисеносато өмнө нь хоёр ч удаа өвдөг шороодсон эвгүй өрсөлдөгч Такакешеог хүнд байдлаас давж үзэгч олныг шуугиулав. Харин 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд өрсөлдөгч Кайсейгээр ээлжит даваагаа авлаа.
Озэки Гойэдо комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргилыг ёрикири мэхээр давсан бол озэки Такаясү сэкиваке Ичиножёо А.Ичинноровыг ошидаши мэхээр давсан байна. Точиношин бэлтгэл бяр хүч илүү байгаагаа харуулж Ютакаяамаг ёрикири мэхээр давлаа.
Сэкиваке Митаекуми Чиёотайрюүг даван хоёр дахь даваагаа авлаа. Маэгашира цолтой манай хоёр бөх хоёулаа давсан бөгөөд Таканоива А.Баасандорж өрсөлдөгч Чиёомарүг Чиёошома Г.Мөнхсайхан Котоюүкиг тус тус давлаа.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг