sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гүржийн Батуми хотноо Дэлхийн шатрын 43 дугаар олимпиад амжилттай үргэлжилж байгаа бөгөөд өчигдөр буюу лхагва гарагт болсон гуравдугаар өргийн тоглолтод манай эмэгтэй баг цагаанаас Беларусь улсын шигшээ багтай тоглож 2,5:1,5 харьцаатай хожсон байна.
Харин манай эрэгтэй баг Гүрж улсын I багтай тоглож 1,5:2,5 харьцаатай хожигджээ. Энэхүү олимпиадын нэгдүгээр өрөгт Монголын эрэгтэй баг Этиоп улсын багийг 4:0 харьцаатай хожсон бол эмэгтэй баг Шри-Ланка улсын багийг 4:0-ээр хожиж тэмцээний есдүгээрт жагссан юм.
 
 
 
Харин хоёрдугаар өрөгт манай эрэгтэй баг цагаанаас Куба улсын багтай тоглож 2:2 харьцаатай тэнцсэн. Эмэгтэй баг цагаанаас Босни-Герцеговина багтай тоглон 3:1 харьцаатай хожсон байна.
Өнөөдөр буюу 2018.09.27-ны өдөр болох дөрөвдүгээр өрөгт Монголын эрэгтэй баг Малави улсын багтай, эмэгтэй баг  Ираны багтай тоглоно. Олимпиадын тус нээлттэй ангилалд 185 орон, эмэгтэй ангилалд 150 орны нийт 1700 орчим тамирчин оролцож байгаа юм.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг