sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах “Баку-2018” тэмцээн /ДАШТ/ Азербайжаны нийслэл хотноо энэ сарын 20-26-нд болж шилдгүүдээ тодрууллаа.
Монголын баг тамирчдаас эмэгтэй жүдочдоос 57 кг-д Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн -100 кг-д Л.Отгонбаатар, + 100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар ДАШТ-ий хүрэл медальтан боллоо. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Одбаяр нар шагналт Ү байр эзэлсэн бол эрэгтэйчүүдийн 66 кг-д Х.Ганболд шагналт ҮII байрт шалгарсан юм.
Энэ жилийн ДАШТ-д 129 орны 800 жүдоч  оролцохоор мэдүүлгээ ирүүлж хүч, ур чадвараа сорилоо. Манай улсын хувьд Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт ​Н.Түвшинбаяр, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа тэргүүтэй 18 жүдоч хүч үзсэн юм.
Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, эмэгтэйчүүдийн 48 кг-д  М.Уранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, Г.Ганцэцэг, 57 кг-д Д.Сумъяа, Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, 70 кг-д Ц.Наранжаргал, +78 кг-д Б.Мөнхтуяа нар хүчээ сорих бол эрэгтэй жүдочдоос 60 кг-д Б.Амартүвшин, 66 кг-д Г.Хэрлэн, 73 кг-д Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-д О.Ууганбаатар, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар. +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Н.Түвшинбаяр нар Бакугийн татамид гарч барилдлаа.
Тус тэмцээнийг SPS HD телевиз спортын тайлбарлагч С.Шижирбатын тайлбартай шууд дамжуулан монголчууддаа толилуулсан юм. Энэ тэмцээний Монгол жүдочдын салхийг хагалж барилдсан дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг гуравдугаар тойрогт Кубын бөxийг цэвэр ялж А хэсгийн аваргын төлөө барилдаж ялсан ч Казахстан улсын бөх, Олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Г.Отгонцэцэгтэй барилдаж цэвэр ялагдсанаар Отгонцэцэг хүрэл медалийн эзэн болж, М.Уранцэцэг Ү байр эзэллээ.
ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа энэ жилийн ДАШТ-ий хүрэл медаль хүртэж, баг тамирчдынхаа анхны медалийн салхийг хагалж чадлаа.Тэрбээр ДАШТ-ээс 2015 онд хүрэл, 2017 онд алт, 2018 онд хүрэл медаль хүртсэн амжилтаараа Монголын жүдочдоос Дэлхийн аваргаас гурван медалийг эх орондоо авчирч чадсан анхны тамирчин болов.  
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -100 кг-д барилдсан ОУХМ Л.Отгонбаатар Дэлхийн аваргын хүрэл медальтан боллоо. Тэрбээр эхний барилдаанаа АНУ-ын бөх Л.А.Смиттэй хийж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялалт байгуулсан. Хоёр дахь барилдаандаа Чилийн тамирчин Томас Бриченог вазари үнэлгээгээр ялснаар шилдэг 16-д шалгарлаа. Тэрбээр 1/8 шигшээд Латвийн тамирчин Жевгенис Бородавкотой хүч үзэж ялсан юм. "В" хэсгийн аваргын төлөө Португалийн Хорхе Фонсекаг ялснаар зооны аваргын төлөө Гүржийн Варлам Липартелианитай барилдаж ялагдсанаар хүрлийн төлөө Японы бөх Вулф Ааронтай хүч үзэн цэвэр ялж ДАШТ-ий хүрэл медалийн эзэн боллоо.
ДАШТ-ий сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-д олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр Киргиз улсын жүдоч болон БНХАУ-ын бөхийг ялсан ч Чехийн Лукаст ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ. Энэ жинд Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо, "SPS" телевизийн бөх залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын хошой мөнгөн медальт ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр хүчээ сорьж хүрэл медалийн эзэн боллоо.
Түүний эхний өрсөлдөгч болох Венесуэлийн Педро Пинедаг өчих мэхээр цэвэр ялсан бөгөөд 1/8 шигшээд Кубын Энди Грандаг голлож дайран вазари үнэлгээ авч, улмаар даралтанд оруулж цэвэр ялсан. Ө.Дүүрэнбаяр В хэсгийн аваргын төлөө "Рио-2016" олимпийн мөнгөн медальт, 2017 оны Дэлхийн аварга Японы Хисаёши Харасаватай хүч үзэн үүрэх мэхээр /иппон үнэлгээ/ цэвэр ялж хагас шигшээд шалгарсан. Улмаар мөнгөн медалийн төлөө ОУХМ Ө.Дүүрэнбаяр Гүржийн бөх Г.Тушишвилитэй барилдан ялагдсанаар Дэлхийн аваргын хүрэл медальтан болж, жүдогийн хамгийн хүнд жинд хүрэл медаль хүртсэн Монголын хоёр дахь жүдочоор тодорлоо. Өнгөрсөн 2017 онд олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр ДАШТ-ий +100 кг-д хүрэл медаль хүртсэн билээ.
Дашрамд дуулгахад, Азербайжан улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ өдрийн тэмцээнийг үзсэн юм.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг