sonin.mn


Улсын наадамд гуравхан жил барилдахдаа гурав, дөрөв, тав давж улсын начин цол авчихаад хөдөө рүүгээ буцсан Завханы Д.Батбаяр хэмээх бөхийг 1980-аад оны бөхчүүд, бөх сонирхогчид андахгүй. Гэнэтийн хүнд өвчинд ороогдож бөхийн дэвжээгээ эрт орхисон түүнийг хотод ирж биеэ эмчлүүлээд буцах гэж байхад нь уулзаж ярилцах завшаан тохиолоо.

-Та нутагтаа амьдарч байна уу?

-Тийм. Би 1956 онд Завхан аймгийн Их-Уул сумын Хуягтын өвөлжөө гэдэг газар төрсөн. 1963 онд Тосонцэнгэл суманд шилжиж очоод өдийг хүртэл тэндээ л амьдарч байна даа. Саяхан хотод ирж биеэ эмчлүүлээд овоо сайхан болоод одоо буцах гээд байж байна.

-Танайханд барилдаж ноцолддог хүн байв уу?

-Аав минь барилддаг, цэргийн заан цолтой. 1922 онд Говь-Алтайд цэрэгт байхдаа барилдаад цол авсан юм гэнэ лээ. Их бяртай хүн байсан. Ямар сайндаа шүдлэн үхрийг хүлэлгүй дарж унагаж байгаад авга ахаар засуулчихаж байсан хүн. Хүзүү нь их бүдүүн, бараг эргэдэггүй шахуу байсан. Бас ах дүү нар дотор аймаг, сумын цолтой бөхчүүд нэлээд хэд бий. Харин улсын цол авсан нь ганцхан би л байдаг юм

-Таны бөх болох гараа хэдийд эхэлсэн бол...?

-Дунд сургуульд байхдаа барилдаж ноцолдох дуртай, сав л хийвэл барилдаж байдаг хүүхэд байлаа. 1974 онд цэрэгт ирээд Алдар нийгэмлэгт тамирчнаар орсон.

-Тэр үед Алдарт бие томтой, бас аятайхан барилдчихдаг залуусыг шилээд л авдаг байсан гэдэг байх аа?

-Тэгэлгүй яахав. 1974 оны 4 сард хотод идэрчүүдийн улсын аварга шалгаруулах барилдаан болсон юм. Би тэр барилдаанд Завханаасаа ирж барилдаад хүрэл медаль авсан. Тэгэхэд нэг хүн ирээд намайг хараад, барьж үзээд байсан. Тэгснээ “Чи цэрэгт ирэх үү” гэсэн, би ч “ирнэ ээ” л гэсэн. Сүүлд мэдэхнээ тэр хүн гавьяат дасгалжуулагч Дамдиншарав багш байсан юм билээ. Тэгээд би ч 6 сард цэрэг татлагаар хүрээд ирсэн. 122-р ангид хуваарлигдаж очоод каранти дуусангуут намайг Алдар руу татаад авчихсан. Ингэж л Алдарын бөх болсон доо.

-Улсын начин цолоо хэдийд авсан билээ?

-1975 онд улсад анх барилдаж гурав даваад, 1976 онд дөрөв даваад, 1977 онд тав давж улсын начин болоод бөхийн замнал маань ерөнхийдөө дууссан. 1978 оны наадмын бэлтгэлд гарчихсан байх үеэрээ гэнэт менингит гэдэг өвчин тусаад спортоо орхиод хөдөө явсан даа.

-Начин цол авахдаа та хэн хэнийг давж байв?

-1977 онд юм шүү дээ. Гурвын даваанд аймгийн арслан Доржийг, дөрөвт улсын арслан Д.Жамц гуайг, тавд Бээжин аваргыг давж начин болоод зургаад манай Хадбаатар аварга авсан. Үзээд л унасан даа.

-Алдарын бөхчүүд ч их алдартай байсан юм шиг байгаа юм, тэр үед...?

-Өө, тэгэлгүй яахав. Алдарынхан гэж мундаг бөхчүүд байлаа. Цэрэнтогтох, Хадбаатар аваргууд, Цэнд-Аюуш, Гочоосүрэн заанууд гээд шилдгүүд бүгд байсан даа. Чөлөөт бөх гэхэд 48 кг-д Улаанхүү, 52 кг-д Энхтайван, 57 кг-д Оюунболд, 62 кг-д Хойлогдорж 74 кг-д Баатархүү, 82 кг-д Гочоосүрэн, 90 кг-д Цэрэнтогтох, -100 кг-д би, +100 кг-д Хадбаатар гэсэн ийм багтай л тэмцээнд ордог байлаа шүү дээ. Их ч хүчтэй баг байсан.

-Залуучуудын аваргад билүү, таныг эхний гурван байраас буудаггүй байсан гэж сонссон?

-Залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан 18-21 насны гэж болдог байсан. Би Алдараас, Давааням заан Анагаахаас, Чулуун начин ХААДС-иас орно. Тэгээд 30 гаруй бөх тойргоор барилддаг. Ө.Тулгаа заан, А.Баатархүү начин гээд сайн бөхчүүд олон байсан. Гэхдээ Р.Давааням заан, Ж.Чулуун начин бид гурав “босоо” байдаг байлаа. Заан алтыг нь аваад, Чулуун мөнгө, би хүрэл авна. Хоёр, гурван жил тийм л байсан.

-Өрсөлдөгч нар нэлээд чанга байж ээ, Тулгаа заанаас эхлээд л...?

-Өрсөлдөөнтэй бололгүй яахав. Тулгаа заан чинь мундаг бөх шүү дээ. Гэхдээ эхний 5 байр руу орж ирдэггүй байсан гэхээр ямархуу өрсөлдөөнтэй нь харагдаж байгаа биз. Ер нь тэр үеийн бөхчүүд дотор Цэрэнтогтох аварга, Хадаа аварга нарын цөөхөн бөх тасарчихсан. Бусад нь бол ойролцоодуу, өгөө аваатай байдаг байв. Шөрмөслөг, барилдаанч бөх олон байсан шүү.

-Тэдэн дотор яаж ч хичээгээд давдаггүй бөх байв уу, танд?
 
-Байсан, байсан. Давааням, Тулгаа хоёрыг үнэндээ бардаггүй байсан. Алдарт байхдаа Тулгааг ганц нэг хаяж байсан. Сүүлд хөдөөний наадамд таараад дандаа унадаг болчихсон. Тулгаа хурд ихтэй. Давааням бол айхтар барилдаанч. Хэл ам хурцтай, өрсөлдөгчөө сэтгэл зүйгээр ч давчихдаг бөх. Бусадтай нь бол өгөө аваатай л байлаа.

-Үеийнхнээсээ хэнтэй нь илүү ойр дотно нөхөрлөдөг байв?

-Хадбаатар аварга бид хоёр бусдаасаа арай л илүү амь нэгтэй. Хаана л явна цуг л явдаг байлаа. Би цэрэг Хад аварга ахлагч байсан. Намайг дагуулаад л барилдаан хэснэ дээ. Дарга нараас чөлөө зөвшөөрөл ч гэх юмгүй, нэг их эрх чөлөөтэй хүн аваргыг дагаад явдаг байсан. 1977 онд манай аав ээж хотод орж ирж өвөлжсөн юм. Аварга манайхаар байнга орж гарна. Бас Оюунболд гавьяат А.Баатархүү начин бид гурав сайхан нөхөрлөдөг байсан. Тэд минь цуваад л бурхны оронд явчихлаа.

-Тэднийхээ барилдааны талаар ярьж өгөөч...?

-Барилдааны хувьд Оюунболд үнэхээр хэцүү. Салхи шуугиж байгаа юм шиг л. Хурдтай гэж 57 кг-д барилддаг байсан. Өөрөө их махруу, хөдөлмөрч. Үндэсний бөхөөр нэг их барилдаагүй юм. Харин Баатархүү их дайчин хүн. Их спорт, үндэсний бөх хоёуланд нь их авьяастай. 1979 онд начин авсан юм шүү дээ. Хад аварга бол барьж аваад л дүүгүүрддэг, гол яс руу нь давхиад орчихвол гайгүй санагддаг байсан. Цэргүүд бол аваргад юм болохгүй шүү дээ.  Хааш нь бол хааш нь аваад чулуудчихна. Сэтгэл их сайхантай. Яг л хүүхэд шиг. Намайг халагдах жил зодог шуудгаа өгсөн. Тухайн үед надад таарчихдаг байсан.

-Хад аваргын зодог шуудаг таарна гэхээр та залуудаа нэлээд том, зузаан байж ээ?

-Би цэрэгт ирэхдээ 92 кг жинтэй байлаа. Тэр үед хүнд жинтэй бөх ховор байсан юм шүү дээ. Ид үедээ 115 кг болоод тэгээд л буучихсан даа. Өндөр бол 178 см. Нэг их өндөр ч биш, нам ч биш дундаж л байгаа биз?

-Та ямар мэхийг голлож хийдэг байсан бэ?

-Би бол хөлд орно. Эсвэл тахимдаад дайрчихдаг. Ийм л хоёр үндсэн мэхтэй байсан даа. Заримдаа бирваа татаад хөлд орчихно. Хөлд орвол унах нь ховор, хаяж байж л салдаг. Сүүлдээ ч хурд саараад хөлд орох нь цөөрсөн. Хурд гэдэг бол насны л онцлог байдаг юм билээ.
 
-Та биеийнхээ аль хэсэгт арай илүү бяр тэнхээтэй байсан бол?

-Би өөрийгөө гол ясандаа жаахан бяртай байсан юм болов уу гэж боддог. Бариа зөрөөн дээр юм хийдэг, уддаггүй. Хаявал амархан хаячихдаг, унавал амархан уначихдаг. Хүн чинь 22 наснаас 25 хүртэл айхтар бяр ордог юм шиг санагдсан. Нэлээд ч аархуу болдог үе юм шиг байгаа юм. Бяр амтагдаад, яасан ч яахав гэсэн байдалтай /инээв/.

-Өөрийн хүч чадлаа сорьж ямар нэг зүйл өргөж тээсэн тохиол бий юу?

-Байгаа, байгаа. ид үедээ Солонготын даваан дээр нэг чулуу өргөж тавьсан. Тэр 100 орчим кг байгаа байхаа.

-Тухайн үед бэлтгэлээ хэрхэн хийдэг байсан бол...?

-Алдарын цэргүүд бол байнгын бэлтгэлтэй. Ангийнхаа хашаан дотор “хар амбаар” гээд нэг хөөрхөн заалтай. Тэндээ өглөө 10-аас, үдээс хойш 3-аас улирсан ахлагч нартайгаа нийлээд бэлтгэл хийнэ. Бэлтгэл тасарна гэсэн зүйл байхгүй. Барилддаг цөөхөн хэдэн цэрэг байдаг. Тэдний байр сав нь ч тэр, хоол унд нь ч тэр, нийт цэргүүдээс арай ондоо. Хагас, бүтэн сайн болохоор заалны барилдаанд барилдана. Давааны мөнгө гэж тав, арван төгрөг авахаараа тэрүүгээрээ хуушуур аваад идчихнэ.

-Танд юм бодогдуулсан эсвэл дурсамжтай аль нэг барилдааныхаа тухай дурсвал...?

-1976 оны барилдаан нэлээд юм бодуулсан шүү, надад. Тэгэхэд яг начин болчихоор байсан. Тавын даваанд Галдандагва гуайтай барилдахдаа би өөрөө алдаа гаргаад уначихсан. Биеэ барьсан ер нь их эвгүй барилдаан болсон. Зураг нь надад байдаг юм. Барьц барьсан байдал нь хүртэл их онцгүй / инээв/. Гэхдээ хойтон нь начин болсон болохоор харамсаад байх юу байхав. Юм бодогдуулсан барилдаан гэвэл тэр л санаанд ороод байдаг юм.

-Наадмын бэлтгэлд гарна биз дээ?

-Бусад бөхчүүд шиг гал болж амралтын газар руу гарахгүй л дээ. Алдарынхаа нөгөө хар амбаарт л бэлтгэлээ базаана. Манай ангид хөлбөмбөгийн Сандаг гэж багш байлаа. Тэр багш 7 сарын 10-ны орой намайг баахан цэргүүдтэй барилдуулна. Би байнга бэлтгэл хийдэг юм болохоороо нөгөө цэргүүдийг нь авч шидээд л. Тэгэхэд Сандаг багш "Чи цол авна аа’’ л гээд байсан. Маргааш нь очиж барилдаад үнэхээр начин болсон.

-Хөдөө очоод та дахиж ер барилдаагүй юу?

-1978 онд бие өвдөөд цэргийн албанд тэнцэхгүй гээд халагдсан л даа. Спортоо хаяад явахаас өөр аргагүй болж байгаа юм чинь. Хөдөө очоод нэг жил тэвчсээн, барилдалгүй. Тэгээд дараа нь сумын наадам, бага барилдаануудад барилдаж эхэлсэн. Одоо гайгүй болсон гэж бодоод улсын аварга шалгаруулах барилдаанд ирсэн чинь Дагвасүрэн арслан хараад “чи барилдаад дэмий байхаа” гэсэн. Хүнд өвдсөн болохоор биеийн байдал үнэхээр тэнцдэггүй юм билээ. Сүүлд тэвчилгүй, аймгийнхаа 60 жилд барилдаж түрүүлээд 1981 онд түүхт ойгоор улсад барилдъя гээд орж ирсэн. Гурав даваад дөрвийн даваанд улсын арслан Б.Ганбаатарыг начин байхад нь даваад, тавд Ч.Амартүвшин заанд унаж байлаа. Тэрнээс хойш дахиж улсад барилдаагүй ээ.

-Та одоо нутагтаа ямар нэг ажил алба эрхэлж байна уу?

-Би одоо ч онц гойд хийсэн зүйлгүй. Сумын төв бараадаад л амьдарч байна. Дөрвөн хүүхэдтэй, хоёр хүү, хоёр охинтой. Хүүхдүүд бүгд хотод амьдарч байна.

-Хүү нар барилдах нь уу?

-Аа, барилдахгүй л юм шиг байна. Бага нь жаахан барилдах нь гэснээ больчихпоо шүү. Охиноосоо гарсан хүүг л жаахан горьдож байна даа.

-Ярилцсанд баярлалаа. Танд уншигчдынхаа өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

С.Бадамгарав
Эх сурвалж: "Бөх"