sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотноо 10 дугаар сарын 20-28-нд болох бөгөөд манай эмэгтэй тамирчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо.
Гавьяат тамирчин П.Орхоноос хориотой бодис илэрсэн тул Азийн наадмын аваргын алтан медалийг нь хүчингүй болгосныг Азийн олимпийн зөвлөл, Азийн наадмыг зохион байгуулах хорооноос мэдэгдсэн. Иймд П.Орхон энэ удаагийн ДАШТ-ийг өнжиж, түүний жин 62 кг-д Э.Гантуяа хүч үзэхээр болжээ. Мөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг Унгарыг зорих бөгөөд жин өгсөж 68 кг-д барилдах юм. Энэ жинд барилдахаар сонгон шалгаруулалтын тэмцээнээс эрхээ авсан Ш.Түмэнцэцэг бэртлийн улмаас оролцож чадахгүй болсон байна. Монголын баг тамирчид энэ сарын 16-ны өдөр Унгар улсыг зорино.
ДАШТ-д барилдах эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, 50 кг-д Э.Нарангэрэл (Хангарьд), 53 кг-д Э.Сумъяа (Хилчин), 55 кг-д Э.Даваачимэг (Хилчин), 57 кг-д А.Батцэцэг (Хасу-Мегастарс), 59 кг-д Б.Шоовдор (Хасу-Мегастарс), 62 кг: Э.Гантуяа (Хилчин), 68 кг: С.Батцэцэг (Хилчин), 72 кг: О.Насанбурмаа (Женко), 76 кг: Г.Наранчимэг (Хилчин) нар багтжээ. 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг