Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олимпийн наадам бол Олон улсын олимпийн хорооны олон шалгуур үзүүлэлтээр шигшигдэн сонгогдсон улс орон найман жилийн өмнөөс бэлтгэж оролцдог хүн төрөлхтөний эв нэгдлийг илэрхийлсэн спорт, биеийн тамирын хамгийн том баяр наадам юм.
Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-д гишүүнээр элсээд Бүрэн Эрхт тусгаар улс болоод удаагүй байсан Монгол Улсын баг тамирчид 1964 оны Токиогийн олимпийн наадамд оролцож дэлхийн улс орнуудад тусгаар улс гэдгээ таниулсан хоёр  дахь түүхэн үйл явдал болсон билээ. Бидний анхлан оролцсон Токиогийн олимпийн наадмаас манай баг тамирчид медаль хүртэж чадаагүй ч хоёр дахь удаагаа 1968 оны олимпийн наадамд оролцохдоо олимпийн дөрвөн медаль хүртсэн түүхтэй.
Тус олимпийн наадмын 10 дугаар сарын 20-ны өдөр чөлөөт бөхийн төрөлд барилдсан Монгол Улсын тамирчин Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг нар олимпийн хүрэл медалийн эзэд болсон бол Монгол Улсын бөх Ж.Мөнхбат аварга олимпийн наадмын анхны мөнгөн медальтан болж байсан юм.
Ийнхүү 50 жилийн тэртээ Хойд Америкийн Мексик улсын Мехико хотноо зуны XIX олимпийн наадмын чөлөөт бөхийн дэвжээн дээр анх удаагаа Монгол Улсын Төрийн далбаа дөрвөнтөө мандсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсаас олимпийн аваргын алтан медальт хоёр тамирчин төрсөн бол олимпийн мөнгөн медальтан 10, олимпийн хүрэл медальтан 14 нийтдээ 25 хүн /үүнээс олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр/ олимпийн наадмын медаль хүртээд байгаа юм. Монгол Улсынхаа нэрийг олимпийн тэнгэрт мандуулсан энэ олимпийн баатруудтай хийсэн ярилцлага, нийтлэлийг энэхүү түүхт 50 жилийн ойг угтаж он дарааллаар нь цувралаар хүргэж байна.
 
7. 1980  Москва Равдангийн Даваадалай
 
Жүдочдын олимпийн медалийн салхийг хагалсан тамирчин
 
Монгол Улсын баг тамирчдаас чөлөөт бөхийн спортоор “Мехико-1968” олимпийн наадмаас гурван хүрэл, нэг мөнгөн медаль хүртсэн бол “Мюнхен-1972”, “Монреал-1976” олимпийн наадмуудаас тус бүр нэг мөнгөн медаль хүртсэн билээ. Харин 1980 онд болсон Москвагийн зуны 22 дугаар олимпийн наадмаас анх удаа чөлөөт бөхөөс өөр төрлөөр тухайлбал, жүдо бөхөөр мөнгө, хүрэл медаль хүртсэн билээ. Ийнхүү манай улсын баг тамирчдаас жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 71 кг-д олимпийн анхны хүрэл медаль хүртсэн тамирчнаар Равдангийн Даваадалай тодорч манай спортын түүхэнд тодоор тэмдэглэгдсэн юм.
 
 
1980 оны Москвагийн зуны 22 дугаар олимпийн наадмын хүрэл медальт, самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын начин, Монгол Улсын гавьяат тамирчин Равдангийн Даваадалай 1950 онд Ховд аймгийн Дарви суманд төржээ.
Ховд нутгийн хүү Р.Даваадалай 20 гаруй жил жүдо, самбо, үндэсний бөхийн төрлөөр хичээллэхдээ чамгүй өндөр амжилт үзүүлсэн он жилүүдэд жүдо бөхийн 71 кг, 78 кг, 86 кг-д барилддаг байсан юм. Түүний гол өрсөлдөгчид нь гавьяат тамирчин Ж.Ганболд, Д.Дашжамц, олимпийн мөнгөн медальт Ц.Дамдин агсан, Ж.Санжаасүрэн, Д.Бадрах, С.Эрхэмбаяр нарын манай улсын шилдэг жүдочид байлаа.
Тэрбээр 1980 оны Москвагийн зуны 22 дугаар олимпийн наадмын жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээний 71 кг-д Монгол Улсаа төлөөлөн хүч, ур чадвараа сорин барилдсан. Нэлээд ахмад тамирчинд тооцогдох 30 настай жүдоч Р.Даваадалай  эхний тойрогтоо Гвиней улсын жүдоч А.Диалло-г, хоёрдугаар тойрогтоо хуучин ЗХУ-ын жүдоч, 1979 оны ДАШТ-ий хүрэл медальт Тамаз Намгалаури-г, гуравдугаар тойрогт Куба улсын жүдоч Рикардо Пуэрто Хименес-ийг тус тус ялсан юм. Харин хагас шигшээ барилдаанд энэ олимпийн дэвжээнд аваргалсан Италийн алдарт жүдоч, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Эцио Гамбад ялагдсан байна.
Манай жүдочийг ялсан Э.Гамба дараагийн олимп болох “Лос-Анжелес 1984” зуны 23 дугаар олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж байжээ. Р.Даваадалай Москвагийн олимпийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Францын жүдоч Кристиан Дио-г коко үнэлгээгээр ялж Монголоос төрсөн олимпийн анхны хүрэл медальт жүдочоор тодорсон юм.
 
 
Монголчууд анх удаагаа чөлөөт бөхийн төрлөөс өөр төрөлд олимпийн медальтантай болсон түүх ингэж эхэлж байлаа. Харин өнөөдөр жүдо бөхөөр олимпийн аваргатай, бас 3 мөнгө, 4 хүрэл медальтан төрөөд байгаа билээ. Булган сүүлтэй түүний энэ түүхэн амжилт нь манай жүдочдын хувьд олимпийн анхдагч хүрэл медаль нь болж араасаа олимпийн наадмын олон олон медальтныг дагуулсаар байна.
Олимпийн хүрэл медальт Р.Даваадалай 1981 онд Голландын Маастрихт хотноо болсон Дэлхий аварга шалгаруулах тэмцээнд 78 кг-д жин өгсөж барилдан шагналт тавдугаар байрт шалгарсан юм. Мөн л энэ амжилт нь манай жүдочдоос ДАШТ-д анх удаа медалийн төлөө хүчээ сорьсон барилдаан болж түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн билээ.
Түүнийг үеийнх нь нөхөд маш дайчин хурц барилдаантай, сэтгэл зүйн дайралт хийж барилддаг өвөрмөц арга барилтай жүдоч гэдгийг онцолдог. Мөн хэвтээ барилдаанд өчих, боох, дарах мэхийн олон хувилбарыг үнэхээр чадмаг эзэмшсэн ховорхон ур чадвартай хэмээн багш, дамгалжуулагчид болон нөхөд нь, бас жүдо сонирхогчид үнэлдэг.
Жүдоч Р.Даваадалай 1982 оны Ардын хувьсгалын 61 жилийн ойн Их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Д.Мягмар заанаар тав давж Монгол Улсын начин цол хүртсэн. Харин 1983 болон 1987 оны үндэсний Их баяр наадмын барилдаанд тус тус дөрөв давж байсан юм. Тэрбээр жүдо, самбо бөхийн спортоор олон жил хичээллэж улс, хотын аварга шалгаруулах тэмцээн болон Монголын бүх ард түмний спартакиадаас олон арван медаль хүртсэн байна.
Хилийн чанадад болсон жүдо, самбо бөхийн тив, олон улсын тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бөгөөд самбо бөхийн дэлхийн аварга цолтон, бас ДАШТ-ий мөнгөн медальт. Тэрбээр, багш дасгалжуулагч болоод дотооддоо нийслэлд болон орон нутагт, мөн ОХУ-ын клуб, спортын сургуулиудад багш, дасгалжуулагчаар ажиллаж олон шилдэг тамирчдыг төрүүлэн гаргасан байна.
Ховд нутгаас төрсөн олимпийн анхдагч медальтан Р.Даваадалай, олимпийн мөнгөн медальт Т.Артаг, олимпийн хүрэл медальт Ж.Даваажав, Д.Оюунболд нарын адил авах ёстой Монгол Улсын  гавьяат тамирчин цолоо авалгүй байсаар 1990 оноос хойш хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн ардчиллаар төрсөн гавьяат тамирчин юм. 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг