sonin.mn
Монгол Улсад триатлоны спортыг хөгжүүлэхээр зорьж яваа "Ironman" клубийн захирал, дасгалжуулагч, Олон улсын триатлоны холбооны "Level-1"ийн багш Э.УЯНГАТАЙ ярилцлаа.Тэрбээр Индонезын нийслэл Жакарта хотноо болсон Азийн зуны спортын ХVIII наадамд оролцоод ирсэн юм.
 
-Та Азийн спортын наадамд оролцох эрхээ хэрхэн биелүүлсэн бэ?
 
-Монгол Улсын триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоодугаар сарын 28, 29-нд болсон. Тэмцээнд би элит төрөлд гуравдугаар байр эзэлж, Азийн наадамд оролцох эрхтэй болсон юм. Азийн наадамд манай улсаас триатлоны төрлөөр багийн буухиад дөрвөн гишүүнтэй баг өрсөлдсөн.
 
-Яагаад триатлоноор хичээллэх болсон бэ?
 
-Би багаасаа усан спортоор хичээллэсэн. Гэр бүл, үр хүүхэдтэй болоод 2008 оноос спортоо түр завсарлуулсан. 2014 оноос хүүхдүүд маань гараас гарснаар би спортоор хичээллэх боломжтой болсон. Триатлоноор хичээллэснээсээ хойш өөрийгөө тэмцээнд сорих сонирхол нэмэгдсэн. Энэ сорилтууд минь намайг Азийн наадам руу хөтөлсөн гэж ойлгож болно.
 
-Бэлтгэл сургуулилтдаа хэр их цаг зарцуулж байна вэ?
 
-Триатлоны спортоор хичээллэхийн хүндрэлтэй зүйл нь цаг хугацаанаас гадна санхүү их шаарддаг. Учир нь, спортын гурван төрлөөр зэрэг хичээллэх хэрэгтэй болдог. Хувцас хэрэглэл, техник хэрэгсэл гээд хөрөнгө мөнгө зарцуулах зүйл олон. Мөн цаг хугацаа их ордог. Ихэвчлэн өглөө гэрийнхнээ босохоос өмнө бэлтгэлээ хийдэг. Өөрийгөө ядраалгуй, ачаалал өгөхгүй оногдсон цаг хугацаандаа чанартай бэлтгэл хийхийг зорьдог.
 
-Триатлоноор хичээллэж эхлэхдээ багштай байсан уу?
 
-Миний ойр дотнын хүрээлэлд энэ спортоор хичээллэдэг найз нөхөд байдаг байсан. Багш дасгалжуулагчгүйгээр амжилт үзүүлэх боломжгүй шүү дээ. Триатлоны болон усны спортын мастер Наранбат гэж хүн бий. Энэ хүнээс би заавар зөвлөгөө авч хичээллэдэг. Гэхдээ өдөр бүр уулзаж хамт бэлтгэл хийдэггүй. 14 хоногт юм уу, сард нэг удаа хамт бэлтгэл хийж зөвлөгөө авдаг. Сүүлий үед гаднын тамирчдын инстаграмм болон фэйсбүүк хуудсыг дагаж туршлага судалж байгаа. Ирэх сард би олон улсын багш, дасгалжуулагчийн сургалтад хамрагдахаар Солонгос руу явна. Үүнтэй холбогдуулж, Австралийн Петр Клефорд гэх хувийн дасгалжуулагч, багштай болсон. Энэ багштайгаа ярилцаж, зөвлөгөө авсан нь намайг Азийн наадамд оролцоход их дэм болсон.
 
-Энэ спортын төрлөөр монголчуудын үзүүлсэн хамгийн дээд амжилтыг дурдвал?
 
-Триатлоны спортыг Монголд 2004 оноос хөгжүүлсэн. 2005 онд триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байв. 2008 онд "Азийн цом"-ын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэн. Энэ спортоор тууштай хичээллэж бусад спортын төрөл шиг амжилт гаргаж чадахгүй байгаа нь олон зүйлээс шалтгаалж байна. Тухайлбал, мэргэжпийн багш дасгалжуулагч, клуб цөөнөөс гадна мөнгө санхүүгийн бэрхшээл бас бий.
 
-Тэмцээнд оролцох зардлаа хэрхэн бүрдүүлдэг вэ?
 
-Спортын хувцас хэрэглэлийн зардлыг нөхөртэйгөө ярилцаад гэрийнхээ төсөвт багтаан зохицуулдаг. Харин томоохон хэмжээний тэмцээнд оролцоход Биеийн тамир, спортын газар, Монголын үндэсний олимпын хорооноос тодорхой тусламж үзүүлдэг.
 
-Одоо ямар тэмцээнд оролцохоор бэлтгэж байна вэ?
 
-Триатлоны Азийн богино зайны цомын аварга шалгаруулах энэ сарын 20-нд болно. Энэ тэмцээнд манай тамирчид оролцохоор бэлтгэлээ базааж байна.
 
-Залуучууд энэ спортыг яагаад сонгон хичээллэх ёстой гэж бодож байна вэ?
 
-Сүүлийн үед хүн бүр л спортын энэ гурван төрлийг/унадаг дугуй, гүйлт, усанд сэлэлт/ сонгон хичээллэж байна. Триатлоноор хичээллэхэд хүнээс их тэсвэр тэвчээр шаарддаг. Тиймээс энэ спортод амжилт үзүүлсэн тамирчид ихэвчлэн өндөр боловсролтой, ажил албатай хүмүүс байдаг. Өөрийгөө сорьж бусдаас суралцах хүсэл тэмүүллийг энэ спортоор хичээллэснээр олж авдаг.Триатлоны онцлог нь дугуй унах, усанд сэлэх, гүйх гэсэн спортын гурван төрлийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг учраас хүний тэсвэр тэвчээрийг их сорьдог. Спортоор хичээллэнэ гэдэг зөвхөн бэлтгэл, сургуулилт хийхээс гадна хоол зүй, сэтгэл зүйгээ бэлтгэх шаардлагатай болдог.
 
-Танай "Ironman" клубт хэчнээн тамирчин хичээллэж байна вэ?
 
-Манай клубийг ажиллаж эхлэхэд олон хүн сонирхож байсан. Тэр дундаа гадаадад боловсрол эзэмшсэн хүмүүс спортоор идэвхтэй хчиээллэдэг. Тэдний нэг нь Сангийн дэд сайд Х.Булгантуяа юм. Тэрбээр Цагаан сарын дараа надтай холбогдож, энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хийж эхэлсэн. Энэ жилийн улсын аваргад манай клубийн 19 тамирчин амжилттай оролцсон.
 
 
-Та гурван хүүхдийн ээж. Төрсний дараа хэвийн жиндээ хүрэхэд спортоор хичээллэдэг тань давуу тал болсон уу?
 
-Манай том охин долоо, дунд охин тав, бага маань ой зургаан сартай. Спортоо хаяад эргэж хичээллэх болсон гол шалтгаан бол энэ. Жирэмсэн бүх хүнд тохиолддог нуруу ууц өвдөх өвчин надад ч байсан. Тиймээс би усан сэлэлтээр эргээд хичээллэсэн. Усанд сэлэхээр тайвширч алжаал, ядаргаагаа тайлдаг. Гурван хүүхдээ тээж байх хугацаандаа дасгал хөдөлгөөнөө хязгаарлаагүй. Гэхдээ дасгал хөдөлгөөний ачааллаа өөртөө маш сайн тааруулах хэрэгтэй. Хэтэрхий хүнд дасгал сургуулилт хийж болохгүй. Миний хувьд төрөхдөө 15-20 кг нэмдэг. Төрсний дараа гурилан бүтээбдэхүүн хэрэглэдэггүй, ихэвчлэн шөлтэй хоол иддэг. Тиймээс төрсний дараах жиндээ санаа зовдоггүй. Эргэн тойрны хүмүүс "Чи яаж ийм эрүүл, амархан төрдөг, төрсний дараа бие галбираа өмнөх шигээ хадгалж чадаж байна вэ" гэж асуудаг байлаа. Гурав дахь хүүхдээ төрүүлээд гэртээ сууж байхдаа энэ чиглэлийн зөвлөгөө өгдөг цахим хуудсууд гадаадад их байдгийг мэдсэн. Улмаар Монгзлд яагаад ийм хуудас нээж ажиллуулж болохгүй гэж бодоод тэмдэглэл хөтлөхөөр Diary of a fit Mongolian mоm фэйсбүүк хуудсыг нээсэн.
 
-Одоо та ямар ажил эрхэлж байна вэ?
 
- "Би даблю си" гэдэг олон улсын аудитын байгууллагад 2011 оноос хойш ажиллаж байна. Одоо бага хүүхдээ хараад амралттай байгаа. Өнгөрсөн сар ажилдаа орох байсан ч Азийн наадамд оролцох болсон тул түр хойшлуулсан. Энэ жилийн хувьд хүүхдээ харангаа клубийнхээ үйл ажиллагаанд анхаарлаа хандуулъя гэж бодож байна. Клубээрээ дамжуулан гадаад багш мэргэжилтнийг урин тамирчин, дасгалжуулагчдаа чадавхжуулах сургалтыг зохион байгуулна.
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин