sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Монгол 63 Circuit” хэмээх авто спортын тойрог зам барих ажил энэ хавраас эхэлж, бүтээн байгуулалтын эхний ажлууд бүрэн дуусч, ашиглалтад орсноор уралдаан зохион байгуулахад бэлэн болжээ.
Энэхүү “Монгол 63 Circuit” тойрог зам нь Налайхаас Цонжин болдог цогцолбор луу явах замд байрлаж байгаа бөгөөд “Ариун-Очир” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бүтээн байгуулалтын ажил юм. Авто тойруулга нь засмал замын бүх авто спортын тэмцээн уралдааныг зохион байгуулах боломжтой юм. Ирэх бямба гарагт буюу 10 дугаар сарын 13-нд тус “Mongol 63 Circuit”-д 2018 оны дрифтийн улсын аварга шалгаруулах уралдааныг зохион байгуулах юм. Нийт 6 га газарт цогцолбор хэлбэрээр баригдан үйл ажиллагаагаа явуулж байна.
“Mongol63 Circuit” нь дор дурдсан үйлчилгээг багтаасан цогцолбор болох юм. Тухайлбал, 830 м асфальтан тойрог зам /10-14м өргөн/,
1610 хүний суудал бүхий үзэгчдийн асар, 100 автомашины багтаамж бүхий тамирчдын зогсоол, Авто кузов, агрегат засвар, 21 ш автомашины гараж, Тоноглол, сэлбэг хэрэгслийн дэлгүүр, Үзэгчдийн автомашины зогсоол, Амрах байр /нэмэлтээр баригдана/, 1 км урт шулуун замын уралдаан засмал / нэмэлтээр баригдана/, Дрифтийн машин түрээс, Сурталчилгааны самбар түрээс зэрэг үйлчилгээнүүд багтжээ.
Монгол Улсад дрифтийн спорт хөгжөөд хэдийн 10 гаруй жилийг ардаа үджээ. Дэлхийн нийтэд залуу спортын тоонд ордог ч энэ спортыг сонирхдог үзэгч, тамирчдын тоогоороо дэлхийд төдийгүй монголдоо тэргүүлдэг авто спортын нэг төрөл юм. Монголын дрифтийн спортын хөгжүүлэхээр хүчин зүтгэж буй залуус өнгөрсөн хугацаанд нийгэмд олон эсэргүүцлийг туулж зүтгэсний үр дүнд өөрсдийн гэсэн зам талбайтай болж бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанаа чөлөөтэй хийх боломжтой боллоо.
Жил ирэх тусам энэ бүтээн байгуулалтын зам талбай нэмэгдэн өргөжин дрифтийн тамирчдын чадвар өсч, дэлхийн хэмжээний тамирчид төрөн гарах, олон улсын чанартай тэмцээн уралдаанууд зохион байгуулах, зөвхөн дрифтийн спорт гэлгүй засмал замын бусад спорт хөгжих эхлэл болж байна.
Дрифтийн спортыг хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрх, цаг заваа зориулан ажиллаж байгаа “NB Top” ХХК-ийн захирал Б.Эрхэмбаяр болон нийт хамт олонд Монголын мянга мянган авто спорт сонирхогчид талархал илэрхийлж байна.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг