sonin.mn
Бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой алтан медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер Г.УГАЛЗЦЭЦЭГТЭЙ ярилцлаа. Тэрбээр хэдхэн сарын өмнө "Сhamp fitness" клубээ нээсэн бөгөөд ирээдүйн тив дэлхийн аваргуудыг бэлтгэх ажилд анхаарч яваа тамирчдын нэг юм.
 
-Азийн аваргаас гурав дахь удаагаа алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Энэ удаагийн тэмцээн өмнөх жилийнхээс юугаараа онцлог байв?
 
-Өмнө нь Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос олон тамирчин оролцдог байсан бол энэ удаа би ганцаараа явлаа. Аливаа тэмцээнд олуулаа оролцоход сэтгэл зүйн хувьд зарим талаараа давуу тал болдог. Бэлтгэсэн зүйлээ үзүүлэхийн өмнө тамирчид нэгэндээ тусалж дэмждэг. Харин энэ жилийн Азийн аваргад бүх зүйлийг ганцаараа хийж, гүйцэтгэлээ. Тивийн дахь удаагийн тэмцээнд нэлээд хэдэн ангиллыг нэмсэн учир би хоёр ангилалд оролцож хошой алтан медаль хүртлээ. Урьдах тэмцээнд оролцсон туршлагадаа үндэслэн аль ангилалд хэрхэн бэлтгэж орохоо мэддэг болсон. Өнгөрсөн жилийн Азийн аваргынхаа бэлтгэлийг маш сайн хийсэн ч тэмцээний үеэр их ядарч байлаа. Хэт их ачаалал авсны улмаас ийм байдалд орсон ч тэмцээндээ түрүүлсэн. Тиймээс энэ жил өмнө нь гаргасан алдаагаа давтахгүй байхад анхаарлаа. Хоёр сарын дараа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох учир хэт их ядрахгүйг хичээсэн.
 
-Та дэлхийн гурван удаагийн аварга. Хэдхэн сарын дараа болох дэлхийн аваргад амжилтаа бататгахаар төлөвлөж байгаа болов уу?
 
-Чадах чинээгээрээ л хичээж оролцоно. Хариуцлагатай байж аварга гэдэг нэрээ баталж, хамгаална.
 
-Тамирчны ялалт хямдхан олддоггүй. Бугд л хөлс хүч, цаг заваа хэдэн сар, жилийн хугацаанд зарцуулж амжилтад хүрдэг. Гэтэл спортын төрлөөс хамаарч өөрөөр үнэлж дүгнээд байх шиг санагддаг юм. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
 
-Тамирчид адилхан л хүч хөдөлмөрөө зарцуулж, олон улсын тайз, дэвжээнээ төрийн дууллаа эгшиглүүлчих юмсан гэж боддог. Тиймээс ч "Тамирчны ялалт хямдхан олддоггүй" гэж хэлдэг. Хүмүүс тамирчдын амжилтаар бахархаж, тэдэн шиг спортоор хичээллэдэг. Энэ нь бүх нийтийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Иймээс тамирчдыг адилхан авч үзвэл урам авч илүү ихийг бүтээхийн төлөө хичээнэ. Энэ нь цаад утгаараа ирээдүйн тамирчдыг төрүүлэх, тэдэнд урам зориг өгөхөд анхаарч байгаа хэрэг юм.
 
-Манай улсын тамирчид оролцсон уралдаан тэмцээнээсээ ганзага хоосон ирдэггүй учир зарим талаар жирийн үзэгдэл мэтээр бодох шалтгаан болдог байж ч магадгүй. Гэхдээ хэдэн арван сая хүн амтай улсын тамирчныг ардаа орхиж медалийн тавцанд зогсох тийм ч хямдхан олддог ялалт биш байх?
 
-Манай тамирчид мундаг болохоор тийм бодол төрүүлсэн байж магадгүй юм. Олон улсын тэмцээнд оролцохоор очиход манай улсыг мэддэггүй хүнтэй олон таарна. Тэр бүрт эх орноо амжилт хөдөлмөрөөрөө сурталчлан таниулдаг. Тэгэхээр тамирчин хүн улсынхаа нэрийн хуудас юм. Миний оролцсон ангиллын мөнгөн медалийг Сингапур, хүрэл медалийг Узбекистаны тамирчин хүртсэн. Азийн аваргын фитнесс ангилалд Энэтхэгийн тамирчин түрүүлэхэд улс орон даяар наадам хийж байлаа. Азийн мистерээр Энэтхэгийн тамирчин тодроход тамирчныхаа ялалтыг орон даяар тэмдэглэж, үндэсний баярын хүрээнд хүлээн авч байсан.
 
-Хилийн чинадад оролцох тэмцээний зардлыг тань хариуцдаг байгууллага бий юү?
 
-Би тэмцээнийхээ бүх зардлыг хувиасаа гаргадаг. Анх олон улсын тэмцээнд оролцохдоо өр тавьж явдаг байсан. Одоо бол байдал өөрчлөгджээ. Хэдэн сарын өмнө би "Champ fitness" клубээ нээж, тамирчин төдийгүй энгийн иргэдэд өөрийн мэддэг, чаддагаа заагаад явж байна. Манай клуб одоогоор 19 тамирчинтай. Тэднийгээ чадахаараа дэмжин ажилладаг. Хэдийгээр тэмцээнд оролцох зардлыг нь өгч чадахгүй ч уураг бэлдмэлээр нь хангахыг хичээдэг юм. Фитнесс клуб нээсэн нь ч үүнтэй холбоотой.
 
-Тэмцээний зардлыг хариуцаад өгчихдөг газартай бол тамирчин зөвхөн бэлтгэлдээ анхаарч амжилт гаргах магадлал төдий чинээгээр нэмэгдэнэ шүү дээ?
 
-Тэгэлгүй яах вэ. Намайг Азийн аваргад яваад ирэхэд олон хүн яагаад ганцаараа оролцсон талаар асуусан. Энэ нь зардал мөнгөтэй л холбоотой. Энэтхэгт очиж тэмцээнд оролцоход тамирчинд хэдэн сая төгрөг хэрэгтэй. Гэтэл тэр их мөнгийг гаргачих боломжтой тамирчин манай улсад хэд билээ. Уг нь тэмцээний ангилал бүрт оролцох чадвартай тамирчин манай улсад бий. Ганцхан тэдэнд яваад оччих зардал тэр бүр олддоггүй юм.
 
-Хоёр сарын дараа болох дэлхийн аваргад хичнээн тамирчин оролцохоор мэдүүлээд байгаа бол?
 
-Тайланд улсад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 20 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Зарим тамирчин тэмцээн болохоос өмнө зардалтай болчихно гэж бодож байгаа. Гэхдээ амжихгүй бол бас л тэмцээнийг өнжинө. Дэлхийн аваргад манай кпубээс л гэхэд 10 гаруй тамирчин оролцохоор бэлтгэж байна.
 
-Сонирхогчоос мэргэжлийн тамирчин болтол хөдөлмөрлөсөн танаар бахархаж байна Одоо та өөр шигээ спортоор хичээллэж байсан хүмүүстэй ажиллаж байна. Цаашид клубийнхээ үйл ажиллагааг хэрхэн өргөжүүлэх вэ?
 
-Манай клубт зөвхөн тамирчид хичээллэдэггүй. Жингээ хасах, эрүүл болох хүсэлтэй иргэд ч ханддаг. Зарим эцэг эх хүүхдээ тамирчин болгомоор байна гээд дагуулаад ирнэ. Манай клубийг зорьж ирсэн хүмүүст үр дүнг нь харуулахыг хичээдэг. Тиймээс ч хүн бүртэй тулж ажилладаг юм. Манай улсад дэлхийн сүлжээ фитнесс клубүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгвэл бид яагаад тэдэн шиг гадаадын оронд салбараа нээж болохгүй гэж. Бид ийм амжилтад хүрэхийн төлөө хичээнэ. Гэхдээ бид ганцхан ашиг харж ажиллахгүй. Чадахаараа тамирчдаа дэмжсэн, тодорхой хэмжээгээр тэдний тэмцээн уралдаанд оролцох зардлыг гаргачихдаг байх гэж л клубээ нээсэн юм шүү дээ.
 
-Таны охин фитнессээр хичээллэдэг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд та хоёр хамтдаа оролцох уу?
 
-Охин маань дэлхийн аваргын залуучуудын ангилалд өрсөлдөнө. Одоо клубийнхээ багшаар ажиллаж байна. Энэ жил АШУҮИС-ийг төгссөн. Дэлхийн аваргын дараа мэргэжил дээшлүүлэхээр гадаад явах юм. Бид өнгөрсөн жил олон улсын тэмцээнд хамт оролцсон. Энэ жил ч гэсэн дэлхийн аваргад хамтдаа оролцохоор бэлтгэж байна.
 
 -Олны танил хүмүүсийн хувийн дасгалжуулагчаар ажиллаж байна уу?
 
-Тийм хүмүүсийн хувийн дасгалжуулагчаар ажилладаг. Гэхдээ би тэдний мэдээллийг хамаагүй зарладаггүй. Магадгүй ингэж ажилладаг учраас хүмүүс надад ханддаг байх. Би сардаа 3-4 хүний хувийн дасгалжуулагчаар ажилладаг. Цагаа ингэж хуваарилснаар тамирчдынхаа бэлтгэл сургуулилтад анхаарах боломжтой болдог юм.
 
-Цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зарцуулаад явж байгаагийн зорилго юу вэ? 
 
-Анх гоё, сайхан болъё гэж бодсон. Дараа нь тэмцээндээ амжилттай оролцохыг зорьж, энэ спортоор хичээллэх тутам зорилго маань улам баяждагийг ойлгосон. Одоо бол аль болох олон тамирчныг дэмжих юмсан гэж бодож байна. Бодибилдинг, фитнессийн спортоор хичээллэдэг тамирчид зодог тайлах талаар боддоггуй. Олон улсын тэмцээнд 80 настай тамирчин ч оролцож байна. Нас бол тоо гэдгийг эндээс л харж болохоор байдаг юм. Тамирчин хүн гэр бүлийн асуудлаар түр завсарладаг байх. Миний хувьд ч гэсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийхээ дараа хүүхэд төрүүлэхээр төлөвлөж байна.
 
-Бие давхар болсон үедээ ч жирэмсэн охид, эмэгтэйчүүдэд зориулсан анги нээн хичээлээ үргэлжлүүлэх боломжтой. Энэ талаар та аль хэдийнэ төлөвлөсөн байх?
 
-Анхандаа бие давхар болохоор надад хийх зүйл огт олдохгүй юм шиг санагдаж байсан. Найз нөхдөдөө төлөвлөгөөгөө хэлэхэд өөртэйгөө адилхан охид, эмэгтэйчүүдийн анги нээгээч гэсэн санал хэлсэн юм. Тэр нь ч надад болохгүй зүйлгүй санагдсан.
 
-Фитнесс клубтээ гадаадаас тамирчин авч ирж туршлага солилцох бодол бий юү?
 
-Одоохондоо тэр талаар төлөвлөөгүй байна. Олон улсын тэмцээний үеэр ажиглахад гадаадын тамирчдын бэлтгэлээ хийж байгаа арга барил өөр байдаг. Энэ үүднээс гадаадын тамирчныг эх орондоо урьж туршлага солилцож болох юм.
 
-Нэг зүйлийг сонирхож асуумаар байна. Сүүлийн үед бодибилдинг, фитнессээр хичээллэгсдийн уургийн хэрэглээ эрүүл мэндэд нь нөлөөлж байна гэх юм. Уураг бэлдмэл тамирчдад үнэхээр тийм халгаатай байдаг юм уу?
 
-Уураг хүний биед муу гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь зөв хэрэглэх ёстой. Уураг бол зүгээр л шингэрүүлсэн хоол шүү дээ. Нэмэлт хунсний тэжээл гэдэг үүднээс уургийг өргөн хэрэглэдэг. Спортоор хичээллэгсдийн хувьд зарцуулж байгаа энергиэ нөхөхийн тулд арай ахиу хэрэглэдэг байх. Би ч гэсэн спортоор хичээллэж байгаа хүмүүст уураг хэрэглэхийг зөвлөдөг. Суудлын ажилтай, хөдөлгөөн дутагдаж байсан хүмүүс спортоор хичээллэхээр дархлаа нь буурдаг. Тиймээс дархлаагаа хэвийн хадгалахын тулд зохих хэмжээнд уураг хэрэглэж болно. 
 
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин