sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Ульяновск хотод энэ сарын 10-12-нд "Россия - спортивная держава" форумд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүрэлцэн ирж оролцох үеэр ОХУ-ын хоккейн холбооны тэргүүн, домогт хаалгач Владислав Третьяк, ерөнхийлөгчтэй уулзан, хэдэн минут ярилцсан нь сэтгүүлчдийн хараанд өртжээ.
"Коммерсант" сайтын сэтгүүлчид В.Третьякаас Ерөнхийлөгчтэй юуны талаар ярилцсаныг нь сонирхоход Третьяк "Монголын тухай" гэж хариулсан байна.
 
 
Хоккейн алдарт хаалгач өнгөрсөн есдүгээр сард Монголд айлчилсан юм. Тэр үеэр манай хоккейн холбооныхон Монголд битүү дээвэртэй хоккейн ордон барихад тусламж хүссэн  байна. Владислав Третьяк энэ талаар В.Путинтэй ярьж, Монголын хоккейн хөгжлийн төлөө ийнхүү сэтгэл гаргажээ.
 
 
Третьяк, "Коммерсант" сайтын сэтгүүлчид: "Монголчууд 3-хан мянган хүний багтаамжтай ордон барьж өгөхийг хүссэн. Сайн харилцаат тэдэнд туслаж, ордон барьж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол канадчууд өрсөөд Монголд бариад өгчихнө. Тэнд "Роснефть" НХН-ийн Ерөнхийлөгч Сечин бүгдийг удирддаг. Тэр туслаж чадна, туслана гэдэгт нь ч итгэж байна" гэж хэлжээ. Олимпийн гурван удаагийн аварга, дэлхийн 10 удаагийн аварга В.Третьяк ийнхүү Монголд битүү ордон бариулахад "Роснефть"-ийг оруулах гэж В.Путинтэй ярилцсан байна.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг