sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Олон улсын хөлбөмбөгийн холбооны өдрүүд” /FIFA days/-ийн хүрээнд хийж байгаа энэ сарын хоёр дахь тоглолтоо Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр Лаос улсын багтай хийх юм.
Өнөөдрийн тоглолтын талаар ахлах дасгалжуулагч, Герман мэргэжилтэн Майкл Вайсс "Бидний хувьд маш чухал тоглолт. Залуус юу хийхээ мэдэж байгаа. Мэдээж эхний тоглолт хүнд болно гэдгийг бид мэдэж байсан. Хэд хэдэн шалтгааны улмаас залуус маань 100 хувь өөрсдийн тоглолтыг үзүүлж чадаагүй. Тиймдээ ч 2:0-ийн харьцаатай хожигдсон. Харин энэ удаагийн тоглолтын хувьд цаг агаартаа дасах хугацаа бидэнд байлаа. Гэхдээ л залуус өөрт байгаа нөөц бололцоогоо бүрэн дайчлахгүй л бол Лаос шиг хурдтай, хүчтэй багийн эсрэг дахин ялагдал хүлээнэ гэдгээ мэдэж байгаа. Тиймээс тэд ээлжит тоглолтоос хожил авахын тулд шаргуу бэлтгэл хийж байна" гэв.
Лаосын шигшээ багийн дасгалжуулагч, Сингапур мэргэжилтэн Сундрам Мүүртигийн хувьд шигшээ багийг аваад удаагүй бөгөөд долоо хоног л бэлтгэлд гарсан аж. Тиймээс багийн гол уураг тархи нь багийн ахлагч, туршлагатай тоглогч Киовенпет Литидет болоод байгаа юм.
Манай шигшээ багийн хувьд туршлагатай тоглогчид болох Н.Цэдэнбал, Ц.Мөнх-Эрдэнэ, Х.Цэнд-Аюуш, Б.Гарьдмагнай нар хоёр дахь удаагаа Лаосын шигшээтэй тоглоно. Таван жилийн өмнө "Челленж кап" тэмцээний хүрээнд хоёр баг 1:1-ийн харьцаатай тэнцэж байжээ. Манай залуус эхний тоглолтоо энэ сарын 12-ны өдөр Сингапур улсын шигшээ багийн эсрэг хийж 2:0-ээр хожигдсон. Тус тоглолт 19:30 цагаас эхлэх юм. 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг