sonin.mn
Гүрж улсын нийслэл Батуми хотноо 9 дүгээр сарын 23-наас энэ сарын 5-ны өдрүүдэд болсон Дэлхийн 43 дахь удаагийн шатрын олимпиадад манай улсын баг тамирчид амжилттай оролцжээ. Тодруулбал, дэлхийн 185 орны шилдэг шатарчид оролцсон тус олимпиадын В категорит өрсөлдсөн эрэгтэй баг тамирчид мөнгөн медаль хүртэж, 22 дугаар байрт жагссан бол эмэгтэй баг тамирчид А категорит 151 орны шилдгүүдтэй өрсөлдөн 20 дугаар байрт шалгарсан байна. Тэмцээний талаар “Алдар” спорт хорооны тамирчин, МУГТ, шатрын их мастер, ахлах дэслэгч Б.Мөнгөнтуултай ярилцлаа.
 
Дэлхийн 43 дахь удаагийн шатрын олимпиадаас ганзага дүүрэн ирсэн Та бүхэнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе... 
 
-Баярлалаа. Энэ олимпиад 2 жил тутамд зохион байгуулагддаг багийн тэмцээн төдийгүй бидний олимп л доо. Өнөө жил бид чамлахааргүй амжилт үзүүлсэндээ сэтгэл өндөр байна. Эрэгтэй баг тамирчид маань B категортоо мөнгөн медаль хүртсэн нь түүхэн амжилт гэж болно. Мөн эмэгтэй баг тамирчид А категорт өрсөлдөж 151 орны шатарчдаас 20 дугаар байрт жагссан нь дээгүүр үзүүлэлт байлаа. 
 
Хамгийн хүчтэй тамирчид аль улсынх байв? 
 
-Олимпиадад оролцсон 185 орны 1667 шатарчин бүгд л хүчтэй, тухайн улс орныхоо хамгийн шилдэг тамирчид байсан. Тэмцээний төгсгөлд эрэгтэйчүүдээс БНХАУ, Украин, Гүржийн баг тамирчид, эмэгтэйчүүдээс мөн БНХАУ, АНУ, ОХУ-ын баг тамирчид эхний байруудад шалгарсан. Эндээс том гүрнүүдийн шатарчид амжилт үзүүлсэн нь харагдаж байгаа биз? Бэлтгэл сургуулилт хийх нөхцөл боломжоос эхлээд тамирчдаа амжилт гаргахад шаардлагатай бүх талын асуудлыг маш сайн шийдэж байгаагийн нэг илрэл л дээ. Гэхдээ бид ч энэ удаагийнхаа амжилтыг чамлахгүй, бас амжилтдаа ханахгүй. Бидэнд илүү боломж, чадамж, оюуны нөөц байгааг энэ тэмцээнээс олж мэдэрсэн. Манай улсын Шатрын холбоо биднийг маш сайн дэмжиж, зохион байгуулалттай оролцоод ирсэнд баг тамирчдынхаа өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. 
 
Ер нь манай шатарчдын чансаа дэлхийд ямар хэмжээнд байна вэ? 
 
-Одоогоор бид дэлхийд 58 дугаарт эрэмбэлэгдэж байна. Өөрөөр хэлбэл Монголын эрэгтэй, эмэгтэй шатарчдын нийт амжилтын чансаа гэсэн үг. Миний хувьд эмэгтэй шатарчдаас 44 дүгээрт эрэмбэлэгддэг. Мөн гавьяат тамирчин, их мастер Г.Батчимэг, их мастер Б.Номин-Эрдэнэ нар дэлхийн шилдэг 100 шатарчны 60-70 орчимд багтдаг. Ер нь сүүлийн 3 удаагийн олимпиадаас харахад Монголын шатарчдын амжилт нэлээд өндөр байна. Бас харьцангуй залуу тамирчид дэлхийн хэмжээнд өрсөлдөж байгаа нь оюуны асар их нөөц бийг, бүр тодруулбал илүү их амжилт хүлээж байгааг харуулж байна. Сая л гэхэд Дэлхийн шатрын холбооны мастер У.Насанжаргал их мастерын 2 норм, 16 настай Т.Мөнхзул охин олон улсын мастерын 2 норм биелүүлсэн нь Монголын шатарчдын чансааг харуулж байгаа нэг том үзүүлэлт шүү дээ. 
 
Сайхан мэдээ байна. Ингэхэд Та хэдэн настайгаасаа шатартай нөхөрлөсөн бэ? 
 
-Аав минь нэлээд хожуу шатрын спортын амтанд орж, бүр чин сэтгэлээсээ дурласан гэдэг. Тэгээд л хүүхдүүддээ энэ спортоор хичээллэхийг зөвлөн, ах, эгчид маань нүүдэл заасан юм билээ.
 
 
Тухайн үед би 5 настай жаахан хүүхэд хажууд нь харж суусаар байгаад нүүгээд сурчихаж. Үүнд урамшсан аав минь улам ихийг зааснаар шатартай холбогдсон доо. Аав минь 2 жилийн өмнө бурхан болсон, тэр хүртлээ л намайг дасгалжуулсан. Аав болон багш нараасаа ихийг сурч өдий зэрэгт хүрсэндээ, 15 настайдаа их мастерын болзол хангаж, Монголын хамгийн анхны эмэгтэй их мастер болсондоо маш их баярлаж, омогшдог. 
 
Харахад хялбар юм шиг атлаа асар их энерги зарцуулдаг, оюуны хүнд спорт гэж ойлгодог. Шатрын спортод амьдралаа зориулсан хүний хувьд Та онцлогийг нь товч дурдахгүй юу? 
 
-Тийм шүү. Мөн чанарыг нь мэдэхгүй хүнд маш амар спорт шиг санагддаг байх. Яг үнэндээ тийм биш. Нэг тэмцээн л гэхэд 9-11 хоног үргэлжилдэг, 1 өрөг тоглоход 5-6 цаг суудаг гээд бодохоор оюуны ямар их ачаалал авдаг нь ерөнхийдөө ойлгогдох байх. Тоглолтдоо бүх анхаарлаа 100 хувь төвлөрүүлчихдэг учраас тоглолтын явцад юу ч анзаардаггүй. Харин өрөг дуусахад толгой өвдчихсөн, маш их ядарсан, бүр нойр хүрэхээ больчихсон байдаг. Гэхдээ бүх зүйл зөвхөн надаас л шалтгаалдаг, өрсөлдөгчөөсөө гадна өөртэйгөө тэмцдэг утгаараа маш сайхан спорт. 
 
Аливаа спорт хувь хүний төлөвшилд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг шүү дээ. Тэгвэл шатрын спортын хувьд...? 
 
-Миний хувьд логик сэтгэлгээтэй, аливааг олон талаас нь харж нухацтай ханддаг, тайван, хүлээцтэй зан чанартай гэж өөрийгөө дүгнэдэг. Энэ маань шатрын спортоор хичээллэдэгтэй холбоотой юу, үнэхээр миний төрмөл зан чанар уу гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Учир нь өөрийнхөө зан чанарыг таньж амжаагүй 5 настайгаасаа энэ спорттой холбогдсон болохоор тэр л дээ. Гэхдээ шатрын спортоор хичээллэдэг ихэнх хүмүүс тэвчээртэй, ямар ч зүйлд эмх цэгцтэй, дэс дараалалтай, төлөвлөгөөтэй ханддаг нь анзаарагддаг. 
 
Ярилцсанд баярлалаа. Дараагийн тэмцээнүүдэд нь амжилт хүсье. 
 
-Баярлалаа. Энэ сарын 27-ны өдөр Англид болох олон улсын нээлттэй тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Мөн ирэх 12 дугаар сард Филиппин улсад болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. 
 
 
Ахмад Д.Мэндбаяр
Эх сурвалж: "Соёмбо" сонин