sonin.mn
"Дакар ралли" 41 дэх удаагийн олон улсын уралдаанд манай улсаас анх удаа UТ\/ ангилалд уралдахаар тамирчид бэлтгэлээ базааж байна. Энэ удаагийн уралдаанд оролцох багийн бүрэлдэхүүнд жолоочоор олон улсын хэмжээний мастер Ө.Бямбацогт,чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр нар хурд хүчээ сорих юм. Уралдаан ирэх оны нэгдүгээр сарын 6-17-нд Перу улсын 5000 км элсэн цөлд 10 үе шаттайгаар үргэлжилнэ. Тамирчдаас гадна Монголын багийн бүрэлдэхүүнд механикаар Б.Баттөр, сэтгүүлчээр Б.Онон нар ажиллах юм. Уралдааны нийт замын 70 хувь элсэн цөлд болно. Энэхүү уралдааны түүхээс сонирхуулбал, Францын мотоциклийн тамирчин Тиерри Сабине Ливи улсад 1977 онд зохион байгуулсан раллид оролцож байхдаа элсэн цөлд төөрчээ. Тэрбээр азаар амь гарч, тухайн үедээ "Дакар" ралли уралдаан зохион байгуулах санаагаа олсон түүхтэй. Тиерри Сабине эсэн мэнд эргэж ирснийхээ дараа Францад буцаж очоод авто, мото спортынхонд өөрийнхөө санааг ярьснаар "Дакар" ралли уралдааныг эхлүүлжээ. Дакар бол зүгээр нэг уралдаан биш. Зөвхөн дээд зэрэглэлийн, өндөр ур чадвартай тамирчдын амь насаа золин өрсөлдөх тулааны талбар юм.
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин