sonin.mn
Манай өвөг дээдэс дэлхийн талыг эзлэхдээ унаж явсан хүлэг морьтой холбоотой ардын ёс заншил, биет болон биет бус өвийг таниулан сурталчилах,  энэ өв заншлыг хадгалах нөхөн сэргээх зорилготой “Талын түмэн адуу” арга хэмжээг ирэх сарын 2- 4-нд Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулах гэж байна. Энэ талаар “Мөнх харилцаа” ТББ-ын тэргүүн Э.Цэрэнбаттай ярилцлаа.
 
–Дөрөв дэх удаагаа тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ арга хэмжээг хэрэгжүүлэх санаа анх яаж төрсөн вэ?
 
-БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ, Соёл, ур­лагийн газар болон манай байгууллагаас зохион байгуулж байгаа “Талын түмэн адуу” арга хэмжээг өвөл цагийн адуу маллах өвөрмөц арга соёл болон түүнийг дагасан өв соёлыг хадгалж үлдэх, сурталчилах зорилгоор анх санаачилж хэрэг­жүүлс­нээр гарч ирсэн. Үүнийг хэрэгжүүлэх бол­сон шалтгаан нь төр­сөн нутаг Хэнтийн Батноров суманд очих бүрт малдаа явахдаа, адуугаа мотоциклиор хурааж байхыг харсан. Ялан­гуяа, уурга хэрэглэхгүй, морьдоо хашаанд хашиж барьдаг болчихсон байна. Иймд морио унадаг соёлыг дэлгэрүүлэх, адуу уургалах соёлоо авч үлдэх, нутаг нутгийн адуучид уулзаж туршлагаа солилцохгүй бол энэ өв соёл алдагдах гээд байна. Адуу ид хүйтэрдэг 11-12 дугаар сард их даарснаар тарга тэвээргээ алддаг. Иймээс монголчууд адуу малаа бөөгнөрүүлэн хурааж адууныхаа биеийн чилээ загатнааг гаргах зорилгоор уургалдаг  байжээ. Үүнийг уламжлан авч үлдэхийн тулд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юм. Түүнчлэн морио унадаг болъё. Хо­тоос ирж  байгаа монгол­­чууд­даа адуутай хол­боотой олон ёс заншлыг зааж сургая.
 
–Яагаад Хэнтийн Батноров сумыг сонгосон юм бэ?
 
-Энэ сум Монгол Улсын хэмжээнд хамгийн олон адуутай сумдын тоонд эхний  IV, V байрт ордог. Үүнээс гадна эзэн Чингис хаан Боорчи анд­тайгаа андын тангараг барилд­сан түүхийн дурс­галт газар бий. Түүнчлэн монгол дархны ур ухааныг шингээж ирсэн Батноров, Тожил хийц гэж байдаг. Гэтэл нутгийн хүмүүст тохох эмээл, хэрэглэх хазаар нь байгаа боловч үүнийг урладаг хүмүүс нь алга. Бүгд хот бараадснаас энэ уламжлал тасрах гээд байна. Иймээс энэ нь бас адуу дагасан соёл учраас энэ хийцийг сурталчилах малчдад жинхэнэ Батноров, Тожил хийц нь энэ шүү гэдгийг таниулахын тулд гэр музей гаргахаар төлөвлөсөн байгаа. Мөн энэ хийцийн эмээлийг тохсон хүмүүсээр цуваа байгуулдаг соёл байжээ.  Түүнчлэн Хэнтийн зүүн хойд бо­лон  хил залгаа Дорнод, Сүхбаатар аймгийн сумдад монгол нутгийн уугуул тайга нохой гэж байна. Энэ нохойг цэврээр нь авч үлдсэн цөөхөн айл байдаг. Иймээс адуучдын үнэнч анд болсон энэ нохойг арга хэмжээнийхээ үеэр хурд, бие галбираар нь шалгаруулдаг. Иймэрхүү уламжлалт арга хэмжээг орчин үеийн үйлчилгээтэй хослуулж хийдэг уламжлал тогтчихлоо. Энэ нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээ болж хөгжиж байна.
 
–Энэ арга хэмжээг зохион байгуулахын ач холбогдол юу вэ?
 
-Дээр хэлснээр өвлийн аялал жуулчлалыг хөг­жүүлнэ. Хэрэв та гэртээ эмээл хазаартай бол тэрийгээ авчраад хүссэн морио түрээсэлж унаад эмээл хазаарынхаа тоосыг арилган хийморийг нь сэргээж болно. Түүнч­лэн монголчууд давхих дуртай. Иймээс  уралдахыг хүсч байвал нутгийн залуучуудтай богино зайд бооцоотой уралдаж болно. Энэ үеэр “Шүлгэнд мөн­хөр­сөн адуу” дуу дуулаа­чийн уралдаан болдог. Одоогоор орон нутгийн 50 гаруй хүн оролцохоор бүрт­гүүлээд байна. Тэнд болж байгаа бүх арга хэмжээнд дотоод, гадаадын жуулчид оролцох боломжтой. Зөвхөн хараад өнгө­рөх биш оролцоосой гэж хүсч байна. Мөн малч­­дын бэлтгэсэн ца­гаан идээ болон бусад бүтээгдэхүүнийг худал­дана. Энэ нь нутгийн хөг­жилд нөлөөлнө гэж бодож байна.
 
–Өмнө нь байгуулж бай­­сан “Талын түмэн адуу”арга хэмжээнээс энэ удаагийн арга хэмжээний ялгагдах онцлог?
 
-Энэ жилийн арга хэм­жээний ялгагдах онцлог гэвэл адуу дагасан соёл дотроо манай хүүхдүүд морь унах нь багассан. Уралдаан болох газар  ачиж очсон адуугаа унаж уралдчихаад явган гүйдэг болсон. Иймд адуу маллах, адуунд дуртай байх тэр залгамж халаа алдагдах гээд байна. Энэ уламжлалаа алдахгүйн тулд арга хэмжээндээ морьтой хүүхдүүдийн цувааг гаргах гэж байгаа. Ингэхгүй бол адуунд дуртай бидний залгамж хойч үе алдагдах гээд байна. Энэ бол  орчин цагт бидний бусдаас ялгагдах байдал учраас энэ арга хэмжээг хэрэгжүүлээд явж байна. Хүүхдүүдээ мал морьтойгоо ойрхон өсгөх уриалгыг минь Монголын бусад аймаг, сумд дэмжиж наадам болон бусад баярын үеэр хүүхдүүдээ үндэснийхээ дээл хувцсаар гоёж морь унуу­­л­аасай, адуундаа хайр­­тай байх нөхцлийг нь бүр­­дүүлээсэй гэж хүсч байна.
 
–Энэ арга хэмжээнд хэ­дэн хүн оролцох боломжтой вэ?
 
-Арга хэмжээнд хураамжаа төлөөд бидний бэлтгэсэн байранд байрлах  хүмүүсийн тоог 300 гэж тогтоосон байгаа. Учир нь энэ байрны хүрэлцээтэй холбоотой. Арга хэмжээнд оролцохыг хүссэн хүмүүс манай зохион байгуулагчдад бүртгүүлэх эсвэл цахим хуудсаар дамжуулан бүртгүүлж болно. Өнгөрсөн жил гурван өдөр болсон арга хэмжээнд 2000 орчим хүн оролцсон байдаг. Мөн Өвөрмонголоос дөрвөн адуучин ирж оролцохоос нэг нь эмнэг булгиулах тэмцээнд оролцоно.  Адууны тоосонд хийморио сэргээхээр очсон хүмүүс дан морь унахгүй. Нутгийн иргэдийн соёл, урлагийн тоглолт, Соёлын төвийн бүжигт оролцох  боломжтой. Гурван өдөр үргэлжлэх арга хэмжээний үеэр “Монголын төрийн дархан дархчуудын холбоо”-ны 10 сайн дархны хийсэн уран бүтээ­лийг сонирхох, аварга уургачаа шалгаруулах “Шургуу 2018” тэмцээн, гэрэл зурагчдад зориулсан тусгай хөтөлбөрийг үзэж болно. Мөн зочид хүсвэл  малчин айлаар зочилж өвөлжөө, ахуй амьдралтай нь танилцах боломжтой.
 
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин