sonin.mn
Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-18-нд Румыний нийслэл Бухарестэд болно. Зарим жинд сорилго барилдаан хийснээр 23 хүртэлх насны дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг сонгожээ. Эрэгтэйчүүдийн 65, 70 кг-ын жингийн бөхчүүд насанд хүрэгчдийн дэлхийн аваргад оролцсон тул сорилгыг энэ сарын 30-нд хийхээр хойшлуулаад байсан. Саяхан тус хоёр жинд сорилт барилдаан хийснээр Бухарестийг зорих бөхчүүдийн нэрийг албан ёсоор зарлалаа. Сорил тэмцээний 65 кг-ын жинд Будапештэд зодоглосон олон улсын хэмжээний мастер Т.Тулга халз барилдаанд спортын мастер Г.Ханбүргэдийг оноогоор цэвэр ялснаар дэлхийн аваргад хүч үзэхээр болсон. 70 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Бямбадорж, Э.Тэмүүлэнтэй сорилго хийх ёстой байсан. Б.Бямбадорж бэртлийн улмаас дэвжээнд гараагүй учир Э.Тэмүүлэн Румынийг зорих эрхээ авлаа. Ийнхүү манай улсаас эрэгтэй, эмэгтэй арван жинд тамирчнаа илгээхээр боллоо.
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин