sonin.mn
ОТТАВА. /BBC/. 2026 оны Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх гурван хотын нэгээр шалгараад байсан Канадын Калгари хотын оршин суугчдын дунд явуулсан санал хураалтын дүнд тэдний олонхи нь уг саналыг дэмжихгүй байна гэсэн хариултыг өгсөн байна.
Санал хураалтад оролцогчдын 56 хувь нь наадмыг зохион байгуулахыг хүсэхгүй байгаа тухайгаа илэрхийлсэн ажээ. Ингэснээр 2026 онд болох Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Шведийн нийслэл Стокгольм болон Италийн Милан, Кортина д'Ампеццо хотууд өрсөлдөхөөр тунан үлдэж байгаа юм. Италийн хотуудын хувьд уг наадмыг хамтран зохион байгуулах хүсэлт гаргаад байгаа аж. 
Олимпийн наадмын арга хэмжээг зохион байгуулах өртөг зардал улам нэмэгдэж байгаатай холбоотойгоор зуны болон өвлийн наадмыг зохион байгуулах сонирхол буурах болсон байна.
Олон улсын Олимпийн хороо 2026 оны өвлийн олимпийг зохион байгуулах хотын нэрийг ирэх оны зургадугаар сард олон нийтэд зарлах ажээ.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг