sonin.mn

Японы мэргэжлийн сүмогийн оны сүүлчийн башё тэхий дундаа орлоо. Найман өдөр нь өнгөрлөө гэсэн үг. Гэтэл тавин хувиа биелүүлсэн сүмоч нэг ч байсангүй. Сүмогийн ойрын жилүүдийн түүхэнд ийм тохиолдол лав байгаагүй л болов уу. Яагаад гэсэн асуултад аваргууд башёг өнжсөн явдал иймд хүргэлээ гэж үү. Тийм биш. Японы ганц аварга Кисеносато уг нь башё эхлэхэд Монголын хоёр аварга гэмтлийн улмаас барилдахгүй боллоо гэхэд одоо л нэг боломж олдлоо гэсэн шиг "Би түрүүлэхийн төлөө барилдана" гэж зориглон хэлээд дэвжээндээ гарсан. Тэгсэн чинь дөрөв дараалан уначихаад тэмцээнээ орхиод одов. За тэгвэл озеки гурвуул унав. Түрүүлэх бөхийн нэрэнд аваргуудын дараа бичигдэж байсан Точиношин бүр дөрвөн унаатай явна. Митэкоүми ч бас гурав унав. Ийм бөхчүүд нь бэлтгэл муугаасаа ч юм уу хариуцлага алдсан нэгэн башё үргэлжилж байна. Үзүүш муутай юм яршиг гэхээр биеэ биеэ дөнгөөд л байх юм. Ер нь хэн ч түрүүлж магадгүй нь дээ. Лав гурав, дөрөв унасан нөхөр ч аз нь таарч эзэн хааны цомд гар хүрэх ч юм билүү. Ганц унаатай яваагаараа озеки Такиясү, Комүсүби Такакейши нар одоогоор башёг тэргүүлж байна. Тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд магеширагийн нэгээс боссон Оноошёо нар жагсч байна. Монгол сүмочдоос Тамаваши, Чиёошома нар дөрөв, Ичиножёо хоёр Араваши нэг даваатай явна. Тэднээс Ичиношёо идэвхгүй барилдаанаа үргэлжлүүлээд байвал чансаа буурах, Араваши магеширагийн 16-д бичигдсэн болохоор Жюурёод унах магадлалтай байгаа юм. Ийнхүү аваргуудгүй башёгийн давааны түвшин тун доогуур байна.

 

Д.Надмид

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин