sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чеченийн анхны ерөнхийлөгч Ахмат Хаджи Кадыровын нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Ахмат” цомын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд ОХУ-ын Чеченийн нийслэл Грозный хотод болно.
Бухарестэд болсон “U-23”-ын ДАШТ-д оролцсон Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг тус тэмцээнд оролцохоор Москвагаас шууд Грозный хотыг зорьж байна. Улаанбаатараас Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Т.Мөнгөншагай нар нэмэгдэн Чеченьд баг тамирчидтайгаа нэгдэнэ.
Монголын чөлөөт бөхийн холбоо, ОХУ-ын шигшээ багтай хамтын ажиллагааны хүрээнд “U-23”-ын баг тамирчдаа энэ тэмцээнд оролцуулж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга “Ахмат” клубээс гадна Монгол, Азербайжан, Узбекистан, Киргиз болон Европын шигшээ багууд өрсөлдөх юм.
Тэмцээний шагналын сан өндөр бөгөөд түрүүлсэн баг 75 мянган ам.долларын шагнал хүртэх бол дэд байр 45000, 3 дугаар байр 22.500,  4, 5 дугаар байрт шалгарвал 15000, 7500 ам.долларын шагнал тус тус хүртэнэ. 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг