sonin.mn
“Алдар” спорт хорооны тамирчин, Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, МУГТ, дэд ахлагч С.Цэрэнчимэдтэй ярилцлаа. Тэрээр саяхан Румын улсын Бухарест хотноо зохиогдсон “U23” төрөл буюу чөлөөт бөхийн ДАШТ-ний 23 хүртэлх насны ангилалд амжилттай оролцсон юм.
Хамгийн сүүлд оролцсон тэмцээнд үзүүлсэн амжилтаас тань ярилцлагаа эхлүүлэе? 
-Саяхан Румын улсын Бухарест хотноо зохиогдсон “U23” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Тус тэмцээнд чөлөөт бөхийн 23 хүртэлх насны тамирчид оролцдог. Нийтдээ дөрвөн барилдаан хийсэн. Эхний барилдаанд Румын улсын буюу нутгийн бөхийг ялж, хоёрдугаар тойрогтоо Украины бөхтэй оноолт таарч мөн ялалт байгуулсан. Гуравдугаар тойрогтоо Канадын бөхөд ялагдсан хэдий ч тойргоор барилдсан учраас хүрэл медалийн төлөө барилдах боломж олдсон юм. Илүү амжилт үзүүлэх боломж байсан. Гэхдээ мөрний гэмтэл сэдэрсний улмаас тэмцээний турш өвдөж зовуурьтай байсан нь амжилтад сөргөөр нөлөөлсөн. Монгол Улсаас оролцсон тамирчид гурван медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ирээд байна.
Энэ спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Чөлөөт бөхийн спортоор 12 наснаасаа хичээллэж эхэлсэн. Миний ах “Аварга” дээд сургуулийг төгсөөд, “Алдар спорт” хороонд дадлага хийх хугацаандаа намайг чөлөөт бөх рүү хөтөлсөн. 
Уралдаан тэмцээн бүр тамирчдыг шинээр нээж, хөгжүүлж байдаг. Таны хувьд энэ удаагийн тэмцээн... 
-Өөрийнхөө гарт орсон мэхүүдийг сайжруулах, хувилбарыг нь илүү олшруулах шаардлагатай юм байна гэж тэмцээний үеэр бодож байлаа. 
Чөлөөт бөх бусад спортоос юугаараа онцлог вэ? Энэ спортоор эмэгтэй хүн хичээллэхэд эрэгтэйчүүдээс илүү тэсвэр, тэвчээр шаарддаг байх…
-Ер нь бөхийн спорт хүнд төрөлдөө багтдаг. Зодолдохоос наагуур, бусад спорттой харьцуулахад илүү хурд хүч, ухаан шаардсан тулааны хэв маяг зонхилдог. 
Бэлтгэл сургуулилтаа сайн хангахын сацуу сэтгэлзүйгээ тогтвортой байлгахын тулд яах ёстой вэ? 
-Өөрийн үүрэг хариуцлага ихэсч, эх орныхоо нэр хүндийг авч яваа гэдгээ үргэлж санаж, аль болох төвлөрөхийг хичээдэг байсан. Уралдаан тэмцээнүүдэд оролцоод аяндаа туршлага суухаар сэтгэл хөдлөлөө дарж, захирч сурдаг.Бэлтгэл сайтар хангагдаад, формдоо орсон тохиолдолд тамирчин хүнд ямар ч айдас түгшүүр байхгүй болсон юм шиг санагддаг. Өөрөөр хэлбэл бэлтгэл сургуулилт сайн хангагдсан үед сэтгэлзүйн байдал ч бас тогтвортой болно гэсэн үг.
Хамгийн анхны олон улсын тэмцээн өөрт тань ямар сэтгэгдэл төрүүлж, ямар мэдрэмж өгч байв? 
-16 настайдаа насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Түүнээс өмнө дотооддоо зохиогдсон тэмцээнүүдээс тогтмол медаль авч, амжилт үзүүлж байсан нь өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн гэж боддог. Тамирчин бүр амжилт үзүүлэх, эх орныхоо нэрийг гаргах чин хүсэлтэйгээр дэвжээнд гардаг шүү дээ. Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо их сандарч билээ. Бэлтгэлийн үеэр хөгжилтэй зүйл болсон нь санаанаас огт гардаггүй юм. Нэг өдөр бэлтгэлийн дэвжээнд сургуулилт хийж байх үед олон гэрэл зурагчид энд тэндээс зураг аваад л байлаа. Би бодохдоо бид (Монголын тамирчид)-нийг л онцолж байгаа юм байлгүй гэж бодоод л биеэ их барьсан. Гэтэл хажууханд Олимпын аварга, Узбекистаны бөх Артур Таймансоу байсныг анзаарч, түүний зургийг авч байгааг тэр үед л ойлгож билээ.
“Алдар” спорт хороо баг хамт олноо онцлох нь зүйтэй байх... 
-Бие биедээ тус дэмтэй, зөв буруугаа хэлэлцдэг найрсаг, нэг цул болсон хамт олон. “Алдар” спорт хороо тамирчдаа маш сайн дэмжиж, урамшуулдаг. Бүх л талаар. Намайг амаржаад удаагүй байхад “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр “Ээж болсонд нь баяр хүргэе, алдсан цаг хугацаагаа нөхөж бэлтгэл сургуулилтаа улам сайн хангаж, амжилтаа ахиулаарай” гэж урмын үг хайрлаж билээ. “Алдар” спорт хороо болон ар талыг минь найдвартай хариуцдаг гэр бүлийнхэндээ баярлаж, талархаж байна. 
Шилдэг залуу тамирчны хувьд Монголын чөлөөт бөхийн ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?
-Цаашдаа залуу тамирчдыг сайн дэмжих хэрэгтэй гэж боддог. Ингэснээрээ тамирчид тогтмол, сайн амжилт үзүүлэх боломжтой. Мөн чөлөөт бөхийн тамирчин шигшээ багийн бүрэлдэхүүнд багтахаас өмнөх хугацаанд өөрсдөөсөө зардал гаргахад санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй байдаг л даа. Сүүлийн жилүүдэд хувийн болон улсын байгууллагууд тамирчдад туслалцаа дэмжлэг үзүүлдэг болсон нь олзуурхууштай. Түүнчлэн олон уралдаан тэмцээнд оролцож, өөрсдийгөө шинээр нээж, алдаа дутагдлаа засах, барилдааны арга хэлбэрээ өөрчлөх, сайжруулах зэргээр үргэлж хөгжих шаардлагатай.
Хэтийн зорилгоо юу гэж тодорхойлох вэ? Мэдээж тамирчин хүний хүсдэг зүйл нь Олимпын дэвжээнд гарах...
-Оролцож үзээгүй тэмцээн Олимп л үлдээд байна. Тамирчин хүн бүрийн мөрөөдөл. Би ч мөн адил Олимпын дэвжээнд өрсөлдөхийн тулд хөдөлмөрлөж яваа. Баг хамт олон, багш дасгалжуулагч нар маань ч бас.
Чөлөөт бөхөөр хичээллэж байгаа залуу үедээ юу гэж зөвлөх вэ? Өөрийн туршлагаасаа хуваалцана уу?
-Хүнд цаг хугацаа үнэтэй. Тийм учраас бэлтгэл сургуулилтаа сайн хийж, багш, дасгалжуулагчийн зөвлөмж, зөвлөгөөг дагаж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Юу чухал, юу чухал биш гэдгийг л сайтар ялгаж сурах нь гол. Чөлөөт бөх гэлтгүй ямарваа нэгэн спортоор хичээллэж байгаа бол түүндээ тууштай байхаас гадна өөртөө ойрын болон хэтийн зорилго тавиад зүтгэх хэрэгтэй.
Өөрийн тань үлгэрлэл авч, хүндэлдэг тамирчин гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Г.Мандахнаран ахыг хамгийн мундаг нь гэж боддог. Бага байхаас л бэлтгэлийн дэвжээнд хамт байсан учраас их хүндэлж, үлгэр жишээ авдаг байлаа. Одоо ч тийм. Олон тамирчин түүний дайчин шаргуу, хөдөлмөрч байдлаас нь суралцаж, хүмүүждэг. Ер нь амьдралд, барилдаанд ч тэр хэрэгтэй зан чанарууд Г.Мандахнаран ахад бий.
Шигшээ багийн тамирчдад төрөөс ямар туслалцаа, дэмжлэг үзүүлдэг вэ?
-Улсын төсвөөс шалтгаалдаг юм билээ. Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан бол жилдээ 3-4 тэмцээний зардлыг төрөөс даадаг. Гэхдээ саяын болж өнгөрсөн тэмцээнд тамирчид өөрсдөө зардлаа гаргасан. Би “Алдар” спорт хорооноос гадна “Эм Ти Эс” группт харьяалагддаг. Тал зардлыг тус групп, үлдсэнийг нь Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын нутгийн зөвлөлөөс гаргасан юм.
Сүүлийн хормыг танд үлдээе...
-Би бэлтгэл сургуулилтынхаа хажуугаар өөрийнхөө боловсролыг дээшлүүлэхээр ХААИС-ийн ЭЗБУС-д маркетинг, менежментийн чиглэлээр сурч байна. Энэ жил сургуулиа төгсөнө. Энэ дашрамд тусалж дэмждэг “Алдар спорт” хороо, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, “Эм Ти Эс” групын захирал П.Бат-Эрдэнэ, Цэнхэр мандал сумын нутгийн зөвлөл болон гэр бүлийнхэндээ баярлаж, талархаж явдгаа илэрхийлье.
 
Ярилцсанд баярлалаа. 
 
Сэтгүүлч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин