sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай чөлөөт бөхийн өсвөр, залуу үеийн эмэгтэй бөхчүүд ОХУ-ын олимпийн анхны эмэгтэй аварга Наталья Воробьевагийн нэрэмжит тэмцээнээс хоёр алт, дөрвөн мөнгөн медаль хүртэв.
Тус тэмцээнд өсвөр үе (2002-2004), залуучуудын (1999-2001) эмэгтэй бөхчүүд өрсөлдсөн бөгөөд өнгөрсөн амралтын өдүүдэд (XII.01-02) ОХУ-ын Эрхүү хотын “Байкал арена”-д боллоо. Тав дахь удаагийн энэ тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын Эрхүү, Санкт-Петербург, Красноярск, Буриад, Тува, Новосибирск, Кемеровогийн 170 гаруй тамирчин өрсөлдөв.
Манай улсаас залуучуудын 53 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Анударь, 55 кг-д ХУИС-ийн тамирчин Б.Энхцэцэг нар алт, 50 кг-д ҮБХИС-ийн тамирчин Б.Энхзул, 57 кг-д ЧД-ийн тамирчин Б.Энхтүвшин, 72 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Ц.Хулан, өсвөр үеийн 57 кг-д ЧД-ийн тамирчин Цэнд-Аюуш нар мөнгөн медалийн эзэд болжээ. 
Дашрамд сонирхуулахад, Н.Анударь тус тэмцээнд гурван жил дараалан түрүүлж, эгч дүүс болох Б.Энхцэцэг, Б.Энхзул нар нэг алт, хоёр мөнгө, Б.Энхтүвшин хошой мөнгө, Ц.Хулан мөнгө, хүрэл медаль хүртээд байна.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг