sonin.mn
Эртнээс уламжлалтай үндэсний монгол бөх та бидний бахархал, өвлөн авч өнөд үргэлжлүүлэн хөгжүүлж байх ёстой соёл, үзэж таашаах юмны маань сор бипээ Монголын бяцхан үрс бараг л хөлд орсон цагаасаа хоорондоо дээл хувцсаа уран ноцолдож өсч өндийдөг. Чухамхүү тэдний дундаас л дээр үеийн даншиг наадмын дархан аварга Гэнэнгийн Өсөхбаяр, Шагдарын Лувсанжамбаа (Гомбо), Намхай, Раашийн Рэнцэн, Омбойн Гэлэгсэнгэ, Дугар, Самбуугийн Чүлтэм, өнөө цагийн өгүүлшгүй хүчтэн дархан аварга Бадамдоржийн Түвдэндорж, Дарийн Дамдин, Жигжидийн Мөнхбат, Хорлоогийн Баянмөнх, Дашдоржийн Цэрэнтогтох, Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, Гэлэгжамцын Өсөхбаяр, Агваансамдангийн Сүхбат зэрэг даян аварга, улсын аварга, арслан, гарди, заан, начингууд төрөн гарсан юм. Учраа бөхтэйгөө уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдах тэдний барилдааныг үзэхч мөн таатай. Миний хувьд далаад оны эхнээс л заал танхим, задгай талбайн бөхийн барилдааныг шимтэж өдий хүрсэн бөхийн хорхойтон гэж хэлж болно.
 
Монголын үндэсний бөхийн түүхэнд “алтан үсгээр бичигдэх” содон үйлийн нэг бол эдүгээгээс 20 жилийн өмнө сүндэрлэн боссон Монгол бөхийн өргөө билээ. Бөхдөө хайртай монгол түмний сэтгэлийн өргөл хандив, улсын төсвөөс гаргасан 800 сая төгрөгийн хөрөнгөөр боссон, энэ сайхан өргөөнд МҮБХ үйл ажиллагаагаа явуулж жил бүр тусгай хуваарь гарган улс аймгийн болон цэргийн цолтон болон сумын цолтой, залуу бөхчүүдийн гээд дор хаяж 30-40 барилдаан болдог байлаа. Онцлог зарим барилдааныг дурдвал бөх сонирхогчдын дунд “бага наадам” хэмээн нэрлэгддэг Цагаан сарын битүүний болон дөрвөн уулын хишиг барилдаан гээд үзэгчдээр дүүрэн байдаг тэмцээн алийг тэр гэх вэ. Гэтэл энэ оны хавар дөрөвдүгээр сараас хойш Бөхийн өргөөнд бараг л үндэсний бөхчүүд барилдсангүй. Энэ нь олон жилийн “хэрүүл талцлын бай” болсон Бөхийн өргөөний маргаантай холбоотой юм. МҮБХ-г шинэчлэн байгуулж тэргүүнээ сонгосон гэх хэрүүл тэмцлийн уршиг энэ билээ. Үүнээс үүдэн болоод, Бөхийн өргөөний хаалга үүд хаалттай болоод хагас жил болж байна. Уг нь өдийд Бөхийн өргөөнд намрын барилдааны нээлтээс эхлээд бөхчүүд, бөх сонирхогч, олны анхаарлыг татсан олон үйл явдал өрнөж байх ёстой. Даанч дээрх хэрүүл, талцлын балгаар сураг тасрахад хүрээд байгаа бололтой.
 
Монголчууд бидний язгуурын их соёл яндаж болшгүй өв монгол бөх улам л хөгжин дэгжиж хүн ардаа баясган цэнгүүлж байх жамтай. Ингэхийн тулд МҮБХ болон Бөхийн өргөөний талаар үүсээд байгаа хэрүүлийг хууль журмын нь дагуу яаралтай шийдэх ёстой. 
 
Аргаа барсан төрийн тэргүүн “Бөхийн өргөө”-г төрийн мэдэлд шилжүүлж авах нь зүйтэй” гэсэн саналаа илгээсэн нь бас мөнөөх МҮБХ гэх одоо болтол шийдэлд хүрээгүй байгууллагын эсэргүүцэл дургүйцэлтэй тулгараад чимээ тасрав уу. Төсвийн 800 сая төгрөгийн оролцоотойгоор босч ашиглалтад орсон юм болохоор Төрийн өмчид шилжүүлэх нь хэрүүл маргааныг нэг тийш болгож хэвийн үйл ажиллагаа нь эхлэх сайн талтай гэж зарим бөх, бөхийн зүтгэлтэн, бөхөд хайртай хүн ярьж байх юм. Ер нь “хэрүүлийн алим” болсон МҮБХ, Бөхийн өргөөний маргааныг даруйхан таслан зогсоож оновчтой шийдвэрлэн, хаалгыг нь нээж бөхчүүд, бөх сонирхогчдоо баярлуулаасай. Бөхийн хорхойтон, үзэгч бид бөхөө л үзэхийг хүсч байна.
 
 
Ю.САНЖААГОНЧИГ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин