Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Боксын спорт үүсч хөгжсөний түүхт 70 жилийн ойн баярыг 2018 оны 12 дугаар сарын энэ өдрүүдэд өргөн тэмдэглэж байна.
20 дугаар зууны 1948 оны долдугаар сарын 11-нд Яармагийн дэнж дээр Ардын хувьсгалын 27 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэсэн монголчууд гадаа ринг засч анхны боксын тэмцээн зохион байгуулж их содон, сонин үйл явдал болсон гэдэг. Энэ бол өнөөдөр дэлхийд нэрээ мандуулсан Монголын боксын холбооны түүхэн замналын эхлэл байсан юм. Монголд боксын спортыг анх хөгжүүлсэн монгол боксчин нь Намсрайн Лувсандорж багш бөгөөд 1963 оны Бүх ард түмний II спартакиадын дараа 1964 оноос тодорхой бус шалтгаанаар боксын спортыг хориглож, дугуйлангуудыг хааж тухайн үеийн үзэл суртлын золиос болсон түүхтэй. Ийнхүү гурван жил орчим манай хүүхэд залуусын сонирхлыг татсан энэ спортын хөгжил түр зуур зогссон.
Харин 1966 онд Москвагийн БТДС-ийг боксын дасгалжуулагчаар онц дүнтэй төгссөн Бумуудэнгээгийн Олзот багш дахин сэргээн хөгжүүлсэн. Тухайн үеийн манай нэрт боксчин Б.Олзот дэлхийд ноёлж байсан зөвлөлтийн боксын сургуультай биечлэн танилцаж нэрт сурган хүмүүжүүлэгч, дасгалжуулагч нарынх нь удирдлагаар хичээллэсээр “Бокс” хэмээх тулааны урлагийн бүх нарийн ширийнийг дэндүү сайн эзэмшин сургуулиа Онц дүнтэй төгсгөж ирснээр ийнхүү боксын спорт Монголд дахин сэргэн хөгжих боломж бүрджээ. Б.Олзот эх орондоо ирээд юуны өмнө, бүрмөсөн хаагдаад байсан боксыг дахин сэргээхээр шургуу хөөцөлдсөний дүнд тухайн үеийн МАХН-ын Төв Хороогоор боксыг дахин сэргээн хөгжүүлэх шийдвэрийг гаргуулж чадсан юм.
Чухам энд түүний зорьсондоо хүрэхийн төлөө шантрашгүй зүтгэх дайчин чанарын зэрэгцээ уран илтгэгчийн гайхам авьяас билэг, бодсон санаснаа хүнд итгүүлэн үнэмшүүлэх чадвар үлэмж хэрэг болсон гэдэг. Ингээд 1967 оноос боксын спортыг сэргээн хөгжүүлэх үйл хэрэгтээ хүчин зүтгэх бололцоо олдож, Монголын бокст жинхэнэ шинэчлэлийн алхмуудыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Бокс гэдэг нь муйхар хүчинд тулгуурласан замбраагүй зодоон биш, оюун сэтгэлгээ, бие бялдрын өв тэгш чанарыг нягт хослуулсан ухамсарт үйлдэл гэдгийг ойлгуулан таниулж бэлтгэл сургуулилтаа зохион байгуулдаг байв.
Үүний зэрэгцээ боксчин хүн даруу төлөв, боловсрол мэдлэгтэй, хувийн өндөр соёлтой, хатуу сахилга баттай байхын чухлыг шавь нартаа үргэлж сургасаар иржээ. Б.Олзот багш бэлтгэл сургуульдаа шинжлэх ухааны ололт дэвшил, эмнэлэг биеийн тамирын хяналт ямар чухал болохыг бүрэн ойлгосон, тухайн цаг үеэсээ төдийгүй өнөө үеийнхнээс ч хол түрүүлсэн дасгалжуулагч байлаа.
Иймээс ч түүний зорилт хэдхэн жилд биелэлээ олж, 1968 онд боксчид гадаадын ОУТ-ээс анхны медалийг авчирсан нь ЗХУ-ын Армяны Ереван хотноо болсон социалист орнуудын Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын “Динамо” нийгэмлэгүүдийн тэргүүн шалгаруулах тэмцээнээс тамирчин П.Ядамжав хүрэл медаль хүртсэн явдал байлаа. 1971 онд Ираны Тегеран хотноо болсон Ази тивийн АШТ-д Монголын боксчид анх удаа оролцож тамирчин Хайдавын Алтанхуяг тивийн аварга болж, Алтан соёмбот далбаагаа мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлснээр Монголын бокс Ази тивийн хэмжээнд өөрийн гэсэн байр суурьтай болсон түүхтэй.
Монголын боксчид 1972 онд олимпийн наадамд, 1974 онд ДАШТ-д анхлан хүч сорьж, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх боломжтой гэдгээ мэдэрсэн билээ. 1982 онд Равсалын Отгонбаяр ХБНГУ-ын Мюнхен хотноо болсон ДАШТ-ээс анхны мөнгөн медалийг авч Монголын Боксын нэр төрийг дэлхий дахинд цуурайтуулан дуурсгасан юм. 1988 онд тамирчин Нэргүйн Энхбат БНСУ-ын Сөүл хотноо болсон олимпийн 24 дүгээр наадмаас хүрэл медаль хүртсэнээр Монгол боксчин олимпийн оргилд хүрэх бүрэн боломжтой нь илэрхий харагдсан билээ. Улмаар 1992 онд Намжилын Баярсайхан Барселоны олимпийн наадмаас хүрэл, Э.Цогтжаргал 1993 онд ДАШТ-ий хүрэл, Түмэнцэцэгийн Үйтүмэн 1997 онд ДАШТ-ий мөнгөн медаль хүртэж, Монголын боксчид 20 дугаар зуунд амжилт ялалтын гараагаа амжилттай үргэлжлүүлсэн юм.
Энэ цаг үеийн боксчдын дундаас МУГД Б.Мишигдорж, В.Батбаяр, Ардын багш Д.Банди, Б.Ганбат, Х.Алтанхуяг, МУГД Г.Оюунболд, МУГД Г.Батбилэг, МУГД Ё.Төмөрбатаа, Д.Ганболд нарын олон шилдэг дасгалжуулагчид тодрон гарч үр бүтээлтэй хамтын ажиллагаа нь Монголын боксыг алдрын замд хөтөлсөн билээ. Мөн тэднийг залгамжлаад МУГД Д.Ганзориг, МУГД Д.Батсүрэн, МУГД А.Гантулга, Д.Бумансахъяа, Ц.Амаржаргал, Г.Баасан, Д.Төрбат, Ш.Ганбаатар, Д.Ганбаатар гээд олон шилдэг дасгалжуулчид бий.
21 дүгээр зуунд Монголын бокс улам эрчээ аван хөгжиж “Бээжин-2008” олимпийн наадмаас ДАШТ-ий мөнгөн медальт Энхбатын Бадар-Ууган Монголын боксчдоос анхны “Олимпийн аварга” хэмээх эрхэм алдрыг хүртэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боксчин болсон бол Пүрэвдоржийн Сэрдамба олимпийн анхны мөнгөн медальт боксчин болж тэд Монголын боксын түүхэнд алтан үсгээр бичигдсэн юм. Улмаар анхны олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба манай тамирчдаас “Дэлхийн аварга” анхны тамирчингаар тодорч Хөдөлмөрийн баатар цолтон хоёр дахь боксчин болсон юм.
Монголын боксчдын амжилтын буухиа дэлхий, олимпийн ринг дээр үргэлжилсээр МУ-ын гавьяат тамирчин ДАШТ-ий мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт “Лондон-2012” олимпийн наадмаас мөнгөн медаль, МУГТ Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ “Лондон-2012” олимпийн наадмаас хүрэл медаль, ДАШТ-ээс хос хүрэл медаль, Доржнямбуугийн Отгондалай “Рио-2016” олимпийн наадмаас болон ДАШТ-ээс хүрэл медаль тус тус хүртээд байна.
Мөн хэдхэн хоногийн өмнө Энэтхэгийн Шинэ Дели хотноо болсон эмэгтэйчүүдийн ДАШТ-д хүчээ сорьсон Мягмардуламын Нандинцэцэг Монголын эмэгтэй боксчдоос ДАШТ-ий анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан юм. Ийнхүү Монголын боксчдын амжилтын буухиа үргэлжилсээр байна.
Ирэх жилүүдэд болох тив, ДАШТ болон Токиогийн олимпийн наадмаас олон олон алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодруулахын төлөө манай багш дасгалжуулагчид чармайн ажиллаж байна. Мөн тамирчин бүр бэлтгэл сургуулилтаа чамбайруулж, ур чадвараа ахиулан амжилт, ялалтын төлөө хичээн зүтгэж байгаа билээ.  
Монголын боксчид Хөдөлмөрийн баатар 2, Ардын багш 3, Гавъяат дасгалжуулагч 13, Гавъяат тамирчин 14 төрөн гарчээ. Манай шилдэг ширэн бээлийтнүүд 2018 оны улсын аваргуудаа 12 дугаар сарын 3-9-нд AIBA-гийн дүрмээр тодруулж маргааш нь Монголын боксын холбоо 70 жилийн баярын хурлаа хийж, өнгөрсөн нэг жилийн ажлын тайлан, холбооны ололт амжилтыг хэлэлцсэн юм.
Тус холбооны тэргүүн Д.Бат-Эрдэнээр удирдуулсан боксчдын баярын хуралд БСШУЯ, БТСГ, МҮОХ-ны төлөөний хүмүүс хүрэлцэн ирж баяр хүргэн, шагнал урамшуулал гардууллаа. МБХ-ны баярын хуралд БСШУЯ-ны жуух бичгээр 8 хүн, БТСГ-ын шагналаар 6 хүнийг, МҮОХ-ны шагналаар 14 хүнийг тус тус хөдөлмөр бүтээлийг нь үнэлэн шагнасан байна.
Энэ онд ширэн бээлийтнүүд олон улсын тив дэлхийн 34 тэмцээнд оролцож 63 алт, 43 мөнгө, 116 хүрэл нийт 222 медаль хүртсэн бахдам амжилт гаргажээ. Үүнээс хамгийн оргил амжилтыг эмэгтэйчүүдээс М.Нандинцэцэг үзүүлэн Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Түүний энэхүү амжилт нь ДАШТ-ээс монголчуудын авсан 9 дэх, эмэгтэйчүүдийн анхных болов.
Өнгөрсөн зун Индонезийн Жакарта хотноо болсон Азийн XYIII наадмаас Э.Цэндбаатар алтан медаль, Б.Чинзориг мөнгөн медаль хүртэн бахдам амжилтын эзэд болсон.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 55 клуб ажиллаж байгаагаас орон нутагт 26 клуб үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ онд мөн шүүгч нар зэрэглэлээ ахиулж 4 шүүгч 3 одтой болж мэргэшсэн бол 38 дасгалжуулагч 1 одтой дасгалжуулагч болжээ.
Монголын үе үеийн боксчид, багш дасгалжуулагчид, зүтгэлтнүүд, дэмжигч монголчууддаа түүхт 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. “Токио-2020” олимпийн наадмаас хоёр дахь, гурав дахь “Олимпийн аварга” төрж монгол түмнээ баярлуулах болтугай.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг