sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэж буй Монголын Самбо бөхийн холбоо, дэлхийн анхны аваргуудад хүндэтгэл үзүүлсэн нэрэмжит тэмцээнийг спортын төв ордны "А" зааланд  зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээн эрэгтэйчүүдийн 62 кг, эмэгтэйчүүдийн 60 кг жин гэсэн ангилалаар явагдаж, медальтнууд тодров. Эрэгтэй 62 кг-д 1.Ч.Марал-Эрдэнэ 2.П.Алтанбагана 3.Э.Ариунболд, Л.Сумьяа, эмэгтэй 60 кг-д 1.Б.Хорлоо 2.Х.Ардахан 3.Б.Баасанхүү, Ч.Аззаяа нар медалийн эзэд болов.
Тэмцээний шагнал гардуулах ёслолын үеэр Монголын Самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, дэлхийн аварга Ш.Чанрав агсны гэргий Л.Лириймаа, дэлхийн аварга МУГТ Л.Бадамсүрэн нарт хүндэтгэл үзүүллээ. Мөн Завхан аймгийн нутгийн зөвлөл МУГТ Л.Бадамсүрэнд хүндэтгэл үзүүлсэн байна.
 
 
Тэртээ 1973 онд Иран Улсын нийслэл Тегеран хотод зохион байгуулагдсан Самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 62 кг жинд МУГТ Шагдарын Чанрав түрүүлснээр бөхийн төрлүүдээс дэлхийн аварга цол хүртсэн Монгол Улсын анхны тамирчин болж түүхэнд бичигдсэн. Мөн МУГТ Лхамаасүрэнгийн Бадамсүрэн 1990 онд Москва хотноо болсон ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 60 кг-д алтан медаль авснаар бөхийн спортын төрлийн Монгол улсын анхны дэлхийн аварга эмэгтэй тамирчин юм.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг