sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ноос оны шилдгүүдээ шалгаруулж, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдаа мөнгөн шагналаар урамшууллаа.
Будапешт хотноо болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин О.Насанбурмаад 25 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа. Харин ОУХМ Т.Түвшинтулга, Б.Шоовдор нарыг тус бүр 10 сая төгрөгөөр шагналаа. Жакарта хотод болсон Азийн 18 дугаар зуны спортын наадмын аварга, гавьяат тамирчин Э.Бэхбаярт дөрөв, мөнгөн медаль хүртсэн Ш.Түмэнцэцэгт хоёр, хүрэл медаль хүртсэн О.Үйтүмэн, Э.Сумъяа, А.Батцэцэг нарыг нэг сая төгрөгөөр урамшуулсан байна.
 
 
Мөн 23 хүртэлх насны ДАШТ, залуучуудын ДАШТ болон залуучуудын олимпийн наадмын медальтнуудыг мөнгөн шагналаар шагналаа. 2018 оны шилдгийн шилдэг дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар шалгарсан бол шилдэг дасгалжуулагч О.Пүрэвбаатар, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн дасгалжуулагч ОУХМ Б.Идэрсайхан нар шалгарсан байна.
Харин оны шилдэг шүүгчээр олон улсын шүүгч Л.Ганзориг, шилдэг улсын шүүгчээр Д.Урианхай нар тодорлоо. Мөн холбооны удирдлагууд ахмад тамирчин, шүүгч, зүтгэлтнүүдээ урамшуулсан байна. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны олон улсын дасгалжуулагчийн сургалтыг зохион байгуулж байгаа сургачг багш, Украин улсын иргэн Андрей Воронцов, дэлхийн аварга Владимир Шацких нарт дурсгалын зүйлийг гардуулжээ.
Ирж буй 2019 онд Монголын чөлөөт бөхийн тамирчдыг Астанагийн ДАШТ, “Токио 2020” зуны олимпийн наадмын эрх олгох олон тэмцээн хүлээж байгаа.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг