sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. MNBA Үндэсний лигийг хожигдолгүй итгэл төгс тэргүүлж байсан Архангай Алтан Дорнодын Дайчид баг энэ удаад Баянхонгор Мазаалай багийн эсрэг тоглолтоо хийлээ.
Тоглолтын эхлэлийг Дайчид сайн хийсэн ч төгсгөлийг Мазаалай баг сайн хийж эхний үе 25:25-аар тэнцүү өндөрлөв. Хоёрдугаар үед Дайчид баг илүү байж долоон онооны давуутай болсон. Улмаар хоёрдугаар хагаст Дайчид багийн самбарын залуу тоглогчид А.Энхбаясгалан, О.Энхбаатар нар оноог улам холдуулсан юм. Ингээд тоглолтын цаг дуусахад 109:90-ээр Дайчид баг хожиж эхний тойргийг хожигдолгүй дуусгаж чадлаа. Харин Мазаалай хожил авч амжаагүй ч хоёр болон гуравдугаар тойрогт сайн тогловол плей-оффд орох боломж байгаа.
 
 
MNBA Үндэсний лигийн тэргүүн хэсгийн эхний тойргийн сүүлийн тоглолт Ховд Шонхорууд болон Өвөрхангай Тэнүүн-Өлзий багууд халз туллаа. Хоёр багийн амжилт адилхан байсан учир аль хожсон нь хүснэгтийн хоёрдугаар байрт ганцаараа бичигдэх байв. Чухал ач холбогдолтой энэхүү тоглолтод Монгол Улсын 3х3 шигшээ багийн дөрвөн тоглогч бие биенийхээ эсрэг тоглосон юм. Шонхоруудаас Г.Цэнгүүнбаяр, Э.Дөлгөөн, Өвөрхангай Тэнүүн-Өлзий багаас ОУХМ Д.Дэлгэрням, Э. Цэрэнбаатар нар талбайд гарч тогложээ. Энэ тоглолтын эхнээс л Ховд Шонхорууд гайхалтай байж, эхний үе дуусахад эсрэг багаасаа 16 оноог илүү авсан Шонхорууд энэ зөрүүгөө улам холдуулсаар дөрөвдүгээр үеийн эхэнд 26 оноогоор тэргүүлсэн юм. Улмаар тоглолтын эцсийн шүгэл дуугарахад 106:92-оор Шонхорууд хожлоо.
MNBA Үндэсний лигийн тэргүүн хэсгийн эхний тойргийн дараагаар хүснэгтийн байдал
 
1. Архангай Алтан Дорнодын Дайчид 5:0
2. Ховд Шонхорууд 4:1
3.Өвөрхангай Тэнүүн-Өлзий 3:2
4.Сүхбаатар Альянс-Тех 2:3
5.Хэнтий аймаг 1-4
6.Баянхонгор Мазаалай 5:0   
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг