sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх болон сонгомол барилдааны "Оны шилдэг бөх"-өөр шалгарсан бөх тус бүрийг 10 мянган швейцарь франкаар шагнажээ.
Тодруулбал, эрэгтэй чөлөөт бөхөд 2018 онд чансааны 112 оноо авсан, 86 кг жингийн бөх АНУ-ын Дэвид Тейлор “Оны шилдэг”-ээр тодорсон. Дэвид ДАШТ, Пан Америкийн АШТ болон чансааны оноо олгодог "Иван Ярыгин", "Яшар Догу" тэмцээнүүдэд тэргүүлсэн байна. "Би АНУ-ын шигшээ,  Nittany Lion багаа төлөөлөн барилдаж байгаадаа баяртай байдаг. Оны шилдэг бөх шагналыг багийн хамт олон, багш дасгалжуулагчгүйгээр авч чадахгүй байсан. Шагнал авсандаа баяртай байна. Шинэ оныг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.
Харин эмэгтэйчүүдийн чөлөөт бөхөд “Оны шилдэг”-ээр тодорсон Финландын бөх Петра Олли /65 кг/ нийт 2018 онд 110 оноотой шинэ оноо угтжээ. П.Олли ДАШТ, Европын АШТ-д түрүүлж, Финландын анхны дэлхийн аварга эмэгтэй бөх болсон юм. "Оны шилдэг бөх болсондоо баяртай байна. Энэ шагнал бол надтай өдөр бүр хамт бэлтгэл хийдэг Финландын чөлөөт бөхийн хамт олны шагнал юм" хэмээн онцолжээ.
Сонгомол барилдааны төрөлд Унгарын Петер Бачи шилдгээр шалгарсан. Өдгөө 35 настай Бачи хамгийн ахмад дэлхийн аваргаар тодорсон бөгөөд 82 кг-д барилдаж хуучин оноо чансааны 82 оноотой дуусгасан амжилт гарган шалгарчээ.
Дашрамд дуулгахад, 2019 оны Монголын чөлөөт бөхийн тамирчдын тэмцээн болон хамтарсан бэлтгэлийн календарьчилсан төлөвлөгөө гарсан байна. Уг төлөвлөгөөнд дотоодын зарим тэмцээн нэмэгдэхээс гадна цаг хугацааны хувьд бага зэргийн өөрчлөлтүүд орж болзошгүй аж. 
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг