sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын тэшүүрийн холбооноос 2019 оны анхны гүйлтийн тэшүүрийн тэмцээнийг өнгөрсөн ням гарагт /2019.01.06/ Хандгайт дахь тэшүүрийн талбайд зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.
Улсын аварга шалгаруулах тэмцээн болон спартикадын өмнө болсон Тэсо корпорацийн нэрэмжит тэмцээнийг “Зөв Монгол брэнд” ивээн тэтгэсэн байна. Тэмцээнийг 400 метрийн мөсөн гулгуурын талбайд амжилттай зохион байгуулж, шинэ оны анхны гүйлтийн тэшүүрийн тэмцээн өсвөр болон залуучуудын ангилалд шилдгүүдээ шалгаруулсан юм.
Тэмцээнд Улаанбаатар хотоос гадна Булган, Хэнтий, Хөвсгөл, Төв, Орхон аймгийн нийт есөн байгууллагын 55 тамирчин оролцов. Тус уралдааны 9-14 насны тамирчин нэг зайд, 15-аас дээш насны тамирчид хоёр зайд алт, мөнгө, хүрэл медальтнууд тодорлоо. Тэмцээнд ОУХМ Я.Зоригтбаатар, А.Тулга, А.Зул, Б.Гэрэлтуяа нарын шилдэг тамирчид оролцсон нь тус тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болгожээ.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг