sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөд Америкийн Перу улсад үргэлжилж байгаа “Дакар ралли-2019” уралдааны хоёр дахь өдрийн гараанд ОУХМ Н.Лхамаа 342 км үргэлжилсэн элсэн цөлийг 5 цаг 8 минутад туулж 75 дугаар байрт орлоо.
Ийнхүү тэрээр нийт дүнгээр 93 дугаар байранд эрэмблэгдэж байна. Өчигдөр буюу эхний гараанд ОУХМ Н.Лхамаа замаасаа төөрч хяналтын цэгт торгуулж 128 дугаар байрт жагссан ч ийнхүү амжилтаа урагшлуулж чадлаа.
Тэмцээний хоёр дахь өдрийн гарааны мотоциклийн ангиллыг Австри улсын тамирчин "Рэд Булл КТМ" багийн гишүүн Маттиас Валкнер тэргүүллээ. Харин түүний араас "Монстер Энержи Хонда" багийн хоёр ч тамирчин зуузай холбон оржээ.
Дакар Раллигийн мотоциклийн төрөлд уралдаж байгаа ОУХМ Н.Лхамаа хоёрдугаар гараанд гарахын өмнө: “Өчигдөр 84 км замыг туулж байсан бол өнөөдөр 342 км элсэн цөлийг туулах учраас хэцүү уралдаан болно. Пискогоос Сан Хуан дэ Маркона хүртэл өнөөдрийн уралдаан болно” гэжээ.
 
 
Н.Лхамаа “Дакар ралли”-д мотоциклийн төрлөөр 2013, 2014 онд уралдсан бөгөөд гурав дахь удаагаа 2015 онд автомашины төрлөөр “Дакар ралли”-д уралдан замаа амжилттай дуусган финиш медальтан болж байсан билээ. Харин энэ удаа дөрөв дэх удаагаа мотоциклийн төрлөөр хурд, ур чадвараа сорьж финиш хийх зорилготой уралдаж байна.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг