sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Индонез улсын нийслэл Жакарта хотноо дугуйн Ази тивийн аварга шалгаруулах 39 дэх удаагийн тэмцээн зохион байгуулж байгаа бөгөөд манай улсаас хоёр дугуйчин уралдана.
Өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 10-13-нд болж байгаа энэ тэмцээнд Ханан тойргийн /TRACK/ төрлөөр Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо, Монголын дугуй холбоо /МДХ/-ны шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Тэгшбаяр, ОУХМ С.Жамбалжамц нар Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа юм.
Тус тэмцээний хуваарийг Индонез улсын орон нутгийн цагаар танилцуулахад, нэгдүгээр сарын 10-нд 20 цагаас "Scratch" буюу бөөн гараанд ОУХМ Б. Тэгшбаяр, маргааш буюу нэгдүгээр сарын 11-нд 08 цагаас "Omnium" буюу олон төрөлт уралдаанд ОУХМ С. Жамбалжамц тус тус хурдаа сорино. Мөн нэгдүгээр сарын 12-нд 20 цагаас "Point race" буюу оноо цуглуулах уралдаанд ОУХМ Б. Тэгшбаяр уралдах юм.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг