sonin.mn
“Хобби”-гийн ээлжит зочноор “Алдар” спорт хорооны чөлөөт бөхийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярыг урилаа. Тэрээр өнөөх л янзаараа шавь нарынхаа бэлтгэл юуг нь базааж “унаж, даваад” л сууж байна. Хосоо багшийг онцлохын учир нь тэрээр хөл бөмбөг тэр дундаа Ливерпүүлийн улаан фанат бөгөөд үүнийг нь илтгэх олон цуглуулгатай. Чөлөөт бөхөөсөө ч өмнө их спортод дурласан гавьяатын хөл бөмбөг сонирхож эхэлсэн түүх нэгдүгээр ангид байхдаа буюу 1974 оноос эхтэй гэнэ. 1982 онд ОХУ-ын Улаан-Үд хотод чөлөөт бөхийн олон улсын тэмцээнээр очсон байхдаа хүртэл зурагтын өмнө хөл бөмбөг шимтээд дасгалжуулагчдаа “загнуулж” явсан дурсамж санаанаас нь гардаггүй гэсэн. Ливерпүүлийн шүтэн бишрэгч болсон нь 1997 онд гол тоглогч болох “алтан жаал” хочит Майкл Оуэн тодрон гарч ирсэн үеэс ажээ. 2000 оноос өмнө Монголын телевизүүд хөл бөмбөгийн тэмцээнийг бүрэн эхээр нь гаргадаггүй байсан үед голчлон Оросын сувгаар хайж үздэг байж. Бүр их дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд Оросын спортын сэтгүүлийг захиалж уншдаг, захиалгынхаа мөнгийг олох гэж нэлээд ч юм болдог байснаа дурсав. Одоо түүний шүтээн нь Стивен Жерард. Найз нөхөд, шавь нар, спорт сонирхогчид түүнийг Ливерпүүлийн шүтэн бишрэгч гэдгийг мэдсэн үеэс энэ төрлийн хувцас, хэрэглэл бэлэглэдэг болж, өөрөө ч гадагшаа тэмцээнд явахдаа ёс болгож заавал авдаг гэнэ лээ. “Ливерпүүлийн тэмдэгтэй хослол, цаг, цүнх, цамц, түлхүүрийн оосор, цамц, ороолт хэдэн арваараа бий. Тоолж үзээгүй. Хүний өдөр тутамдаа хэрэглэдэг хэрэглэл учраас шүүгээнд хадгалаад байхаас илүүтэй өмсч зүүж, эдэлж хэрэглэж дуусгадаг. Өнөөдөр хүртэл цамцыг нь өмсчихсөн байгаа биз дээ” хэмээн ливерпүүлийн тэмдэгтэй хар цамцаа заав. Ажлын ширээн дээрээ хүртэл цагийг нь тавьчихсан байх жишээтэй. Харин сүүлийн үед шавь нартаа төрсөн өдрөөр нь нандигнан цуглуулсан хэрэглэлээсээ бэлэглэж заншаад байгаа гэнэ. Цаашдаа манай Ливерпүүлийн ирээдүй гэрэлтэй байгаа, гурван жилийн өмнө Германы дасгалжуулагчийг авснаас хойш арга барил, амжилт нь эрс сайжирсан гээд тоглолт, тамирчин бүрээр нь онцлоод хөл бөмбөг бол манай бөмбөрцгийн хамгийн их дэлгэрсэн, хамгийн олон үзэгч, сонирхогчтой спорт гэв. Түүний сонирхол хөл бөмбөг, сагсан бөмбөг, теннис цаашлаад бүр спортоор хязгаарлагдахгүй олон төрлийн хоббитой болох нь ярилцаж байхад илт мэдрэгдсэн. Энэ нь түүнийг амьдралд тун идэвхтэй, өөрийгөө хөгжүүлэхэд ихээхэн анхаардаг нэгэн гэдгийг илтгэх шиг санагдав.
 
Д.Болор
Эх сурвалж:  "Соёмбо" сонин