Улаанбаатар /МОНЦАМЭ/. Корпорэйт Конвеншн төвд маргааш буюу энэ сарын 12-нд зохион байгуулах “Монголын мистер 2019” улсын аварга шалгаруулах тэмцээнд 54 клубын нийт 180 тамирчин 23 ангилалд өрсөлдөхөөр бүртгүүлжээ.
Өнөөдөр тус 28 дахь удаагийн УАШТ-ийг хамтран зохион байгуулагч “Монголын бодибилдинг фитнесийн холбоо” ТББ болон НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраас хэвлэлийн бага хурал хийж тэмцээний талаар танилцуулсан юм. Залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, түүний дотор бодибилдинг, фитнесээр хичээллэхийг дэмжих зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Мөн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад зориулсан тусгай ангилал болон бикини төрөлд 21, 30, 40-өөс дээш насны ангилал шинээр нэмэгдсэн бөгөөд шилдгээр шалгарсан тамирчид олон улсын уралдаан, тэмцээнд оролцох эрх авах юм. Ийнхүү энэ удаагийн УАШТ нь түүхэндээ хамгийн тамирчин оролцож байгаа гэдгээрээ онцлогтой.
 
 
Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор НЗХГ, МБФХ ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичгийг 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр байгуулсан. Тус санамж бичгийн хүрээнд “Монголын Мистер 2019” УАШТ-ийг 2 дахь жилдээ хамтран зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд өсвөр үе, залуучуудыг нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 22 фитнес клубүүдэд Даваа-Баасан гарагуудад 10-17 цагт 50 хүртлэх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжоор хангаснаар өдрийн цагаар үйлчлүүлэх иргэдийн тоо 1500-гаар нэмэгдсэн” гэлээ.
Дашрамд дуулгахад, НЗХГ-аас цаашид Улаанбаатарт хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх фитнес клубын тоог нэмэгдүүлэх, үйлчилгээний төрлийг өргөжүүлэх, хичээллэх сонирхолтой иргэдэд мэргэжлийн багш нар баасан гараг бүрийн 19-21 цагт үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, амралтын өдрүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх боломжийг бий болгохоор төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү хэвлэлийн бага хурлаарр ”МБФХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар: “Бодибилдинг фитнесийн спортоор нас насныхан өөрийн онцлогтой тохируулан хичээллэх боломжтой. Сүүлийн жилүүдэд энэ спортыг сонирхдог хүүхэд залуучуудын тоо нэмэгдсээр байгаа” хэмээн онцолж байв.  
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг